Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нам даралтын халаалтын зуухнуудын ашиглалтын нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 16-100 кВт-ын хүчин чадалтай 2237 зуух байсан. Эдгээрийг цахилгаан, хий болон төвлөрсөн дулаанд холбосон. 100 кВт-аас дээш хүчин чадалтай 645 зуух байснаас төвлөрсөн дулаанд 84, цахилгаан хангамжид 47, хийн хангамжид 80-ыг холбож, сайжруулсан шахмал түлшээр 175, баяжуулсан нүүрсээр 86 зуухыг галлаж байна.
Түүхий нүүрс түлж байгаа 65 зуух бий. Эдгээр нь 20 аж ахуйн нэгжид хамаардаг, Улаанбаатар хотоос алслагдсан газар байдаг. Эдгээрийг хий болон цахилгаан хангамжид холбохоор судалж байна” гэлээ.
Түүнчлэн агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийн ажлын явцын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “2022 оны байдлаар 3-15 кВт-ын хүчин чадалтай, ахуйн хэрэглээний 162,552, 16-100 кВт-ын хүчин чадалтай 3751, 100 кВт-аас дээш хүчин чадалтай, усан халаалтын 353 зуух, дулааны цахилгааны зургаан станцын 4200 кВт-аас дээш хүчин чадалтай 41 зуух байна” хэмээв.