Д.Амарбаясгалан: Ерөнхий боловсролын сургуульд Хүүхэд хөгжил, хамгааллын алба байгуулна

“Хүүхэд хөгжил, хамгаалал-Сургуулийн нийгмийн ажилтан” Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын зөвлөгөөнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхан оролцож байна.

Сургуулийн орчин дахь хүүхэд хөгжил, хамгаалал болон нийгмийн ажилтны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, гарц шийдлийн талаар ярилцлаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнчлэн хүүхэд гэр бүлтэй анхан шатанд ажилладаг нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо, тэдний нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын баталгааг хангах эрхзүйн орчныг сайжруулах зорилгоор Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д  энэ оны зургадугаар сард багтаан өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.

Боловсролын нийгмийн ажилтны ажлын ачаалал өндөр байгаа учраас үйл ажиллагааны нийтлэг жишигт өөрчлөлт оруулж хүүхдийн нас, хөгжлийн онцлог, ялгаатай байдал, хэрэгцээ сонирхолд нийцүүлсэн байдлаар бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин тус бүрд суралцагчийн тоог харгалзан нийгмийн ажилтны орон тоотой байхаар зохицуулалт хийхээр судалж байна гэлээ.

Мөн хүүхдийн хөгжил, хамгааллын чухал бүрэлдэхүүн болох ерөнхий боловсролын сургуульд “Сургуулийн хүүхэд хөгжил, хамгааллын алба” гэсэн албан ёсны бүтцийг бий болгож, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, хоол зүйч, номын санч, анги удирдсан багш нарын хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг судалж байна гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан УИХ-д өргөн барьсан Боловсролын тухай багц хуулийн төсөлд нийгмийн ажилтнууд ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орох боломжтой байхаар тусгасныг тэмдэглэлээ.

Боловсролын санхүүжилтийн тогтолцоог өөрчилж, хүүхэд бүрд олгож байгаа хувьсах зардлыг сургуулийн орчныг сайжруулах, хүүхэд хөгжилд зарцуулах зэргээр зөвхөн хүүхдэдээ зарцуулагддаг байхаар хуулийн өөрчлөлт хийж байгааг онцлов.

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …