Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, тэднийг шинжлэх ухааны нотолгоонд суурилсан зөв мэдээллээр хангах чиглэлээр олон нийтийн сүлжээнд дагагч олонтой мэргэжлийн эмч нартай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
НЭМҮТ-ийн захирал, доктор С.Өнөрсайхан хүний их эмч, докторант Т.Цэрэнтогтох, цахим эмч Б.Баярбямба нартай энэ сарын 18-нд гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү санамж бичгийн хүрээнд талууд хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл, аюулгүй ажлын байр, сургууль, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд нийгмийн бүх салбарын шийдвэр гаргагчдын манлайлал оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг олон ниийтэд сурталчлах, тэднийг зөв мэдээллээр хангаж, мэдлэг олгох ажлыг хийх юм.