ЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнс

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүн бүрийн хувьд өглөөний цай нь өдөр тутмын хоол хүнсний салшгүй нэг хэсэг билээ. Өдөр бүр өглөөний цайгаа тогтмол уух нь чухал. Учир нь өглөөний цай нь уураг, аминдэм , нүүрс ус, төмөр, кальци зэрэг шим тэжээлийн бодисуудын чухал эх үүсвэр болохоос гадна хүүхдийн өсөлт хөгжилтөд чухал юм.

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ ЯАГААД ЧУХАЛ БАЙДАГ ВЭ?

Өдрийн эрч хүч , уураг тархины үйл ажиллагаа өглөө юу идэж ууснаас ихээхэн хамааралтай. Зохистой хооллолтын зөвлөмжид зааснаар өглөөний цайгаар өдрийн нийт илчлэгийн 20-25 хувийг авах ёстой гэж зөвлөдөг.

Шимт бодисоор баялаг өглөөний цай нь хүний бие махбодыг хэрэгцээт тэжээлийн бодисоор хангаж, эрч хүчийг өгч, тархины үйл ажиллагааг сэргээж, ажлын бүтээмжийг дээшлүүлж, эрүүл мэндийг хэвийн байлгадаг.

Өглөөний цай тогтмол хэрэглэхийн ач холбогдол:

Тархины үйл ажиллагааг сайжруулна.

Бодисын солилцоог эрчимжүүлнэ.

Энергийн түвшинг нэмэгдүүлнэ.

Ажлын бүтээмж дээшилнэ.

Биеийн жингээ барих, жингээ бууруулахад тустай.

Чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулна. Эрүүл хооллолтын үндэс болно.

Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнс:

Өглөөний цай нь ходоод гэдсийг механик , химийн цочролоос сэргийлсэн, шингэц сайтай тэжээллэг байх ёстой.

Гурил, гурилан бүтээгдэхүүн (хөх тарианы хар гурилын талх, бүхэл үрийн гурилын талх, хивэгтэй талх түлхүү хэрэглэх )

Сүү сүүн бүтээгдэхүүн ( исгэлэн биш шинэ тараг, хоормог, аарц, аарцны ундаа гэх мэт)

Шинэхэн ногоо, ногооны салат, ногооны зутан

Жимс жимсгэнэ, жимсний шүүс, жимсний чанамал

Өндөг

Ус уух ( зөгийн балтай, лимонтой)

ӨГЛӨӨНИЙ ЦАЙГ АЛГАСАХ НЬ ЯМАР ХОР УРШИГТАЙ ВЭ?

Маш олон хүмүүс амжихгүй, жингээ барьж байгаа гэх шалтгаанаар өглөөний цайгаа уудаггүй.

Удаан хугацаагаар өглөөний цайгаа уухгүй байснаар ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн аажмаар буурч, эцэстээ өтгөн хаталт үүсэж, цөс зогсонгоших, өтгөрөх, цөсний чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Мөн анхаарал төвлөрөх нь багасах, ажлын бүтээмж буурах, дархлаа сулрах, жингийн илүүдэл, таргалалт, зүрх судасны өвчин, ходоод гэдэс, чихрийн шижин өвчинд өртөх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс та эрүүл амьдралыг эрхэмлэж, аливаа өвчнөөс өөрийгөө сэргийлж , гэр бүлээрээ өглөөний цайгаа тогтмол ууж заншаарай.



Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …