Ч.Батзориг: 730 автобусыг гурван үе шаттайгаар оруулж ирнэ

 

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө.


Тэрбээр “Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд дөрвөн бүлэг, 12 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж буй. Энэ чиглэлд 2022 оноос нийт 11 байршилд зам, замын байгууламж, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн оны хувьд дөрвөн байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ жил үлдсэн долоон байгууламжийн ажил үргэлжилж байна. Үүнээс гадна олон улсын зээл, санхүүжилтээр хэрэгжүүлэх зарим төслийн ажил эхэлж буй. Тухайлбал, нүхэн гарцны төсөл, дүүжин тээврийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалт, Сэлбэ сэргэлтийн төслийн барилга угсралт, их багтаамжийн авто зогсоол байгуулах зэрэг ажлууд эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хийхээр төлөвлөсөн нийт ажлын 45-50 хувийг өнгөрсөн онд гүйцэтгэсэн, үлдсэн хэсгийг энэ жил хийх юм.

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах чиглэлд хийж байгаа нэг томоохон ажил бол нийтийн тээврийн парк шинэчлэл юм. Парк шинэчлэлийн хүрээнд хотын хэмжээнд нийт 1370 автобусыг оруулж ирсэн. Энэ жил дахин 730 автобусыг гурван үе шаттайгаар буюу зургаа, найм, есдүгээр сард оруулж ирнэ.

Түүнчлэн тээврийн хэрэгслүүдийг цахим гэрчилгээжүүлэх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд хатуу дэд бүтцийг бий болгосон. Тодруулбал, 161 байршилд RFID уншигчуудыг суурилуулж, програм хөгжүүлэлтийг бүрэн хийж дууссан. Мөн тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээжүүлэх ажил Улаанбаатар хотоос эхэлж буй. Эхний ээлжинд таг буюу тээврийн хэрэгсэлд наах 447 мянган гэрчилгээг хийх гэрээг гүйцэтгэгчтэй байгуулаад үе шаттай хэрэгжүүлээд явна. Энэ хүрээнд “UB Cab” буюу такси дуудлагын үйлчилгээ, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээний автомашинуудыг нэн тэргүүнд гэрчилгээжүүлнэ. Цаашлаад төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэг зэргээр үргэлжлээд наймдугаар сард Улаанбаатар хотын хэмжээнд дуусгахаар төлөвлөж байна” гэсэн юм.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …