Ц.Мөнхбаатар: 100 орчим хүүхдийн цэцэрлэг барих мөнгөөр 3 хоног баяр наадмаа тэмдэглээд өнгөрөх нь буруу

op1Онлайн  парламентын төлөөлөгч Ц.Мөнхбаатартай удахгүй болох баяр  наадмын төсвийн тухай ярилцлаа

– Онлайн  парламентын төлөөлөгчдийн зүгээс  Наадмын төсөвтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Үүнийг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбож ойлгох хүмүүс байх шиг байна

– Нэг талаас цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үетэй давхцаж байгаа учраас зарим хүмүүс тэгж ойлгож байж магадгүй, нөгөө талаас  онлайн парламентийн зарим төлөөлөгчдийн хувийн үзэл бодол, байр суурь, үг яриа  тийм ойлголтыг  зарим хүмүүст төрүүлсэн байх талтай. Үнэндээ бол  наадмын төсвийн асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн  үйл ажиллагаатай ямарч холбоогүй.  Баяр наадмыг зохион байгуулах комисс, Засгийн газрын зүгээс  наадмын үйл ажиллагаанд хэтэрхий  их хөрөнгө мөнгө зарцуулж байгаа явдалд  л асуудлын  гол нь байгаа юм.

50 тэрбум төгрөгийн нэлээдгүй хэсгийг нь Хүй 7 худагийн бүтээн байгуулалтанд зориулах юм билээ. Энэ нь  жил бүр баяр наадмаа аятайхан тэмдэглэхэд тустай хэрэг биш үү?

– Наадмын төсөв хоёр үндсэн чиглэлтэй юм билээ. Нэгдүгээрт,  таны ярьсанчлан  Хүй долоон  худаг, төв цэнгэлдэхийн тохижилт,  авто зам, машины зогсоолтой холбоотой зардал, Хоёрдугаарт: баяр наадмын  дотоод зохион байгуулалттай холбоотой   зардал.  Эдгээр зардлуудын аль алинд нь асуудал байна.  Би хувьдаа  баяр наадмаа аятайхан сайхан тэмдэглэх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаа боловч жилд нэг удаа тэмдэглэдэг баяр наадмын төлөө  улс орны эдийн засагт хүндрэл учруулахуйц  төсөв хөрөнгөөр  зарцуулахтай санал нийлэхгүй байгаа юм.  Мөн дээр нь наадмын бэлтгэл ажлыг хэрэгжүүлэх гүйцэтгэгч байгууллагуудын ажил үйлчилгээг  тендер шалгаруулалгүйгээр,  шууд  гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон нь төсвийн мөнгийг  хяналтгүй, үргүй зарцуулах  байдлыг үүсгэж байна гэж ойлгож байгаа. Тухайлбал, Хүй долоон худагт байрлуулах зөөврийн   3000 сандал нийт 750 сая  төгрөгийн өртөгтэй байгаа нь ийм нэг сандал 250.0 мянган төгрөгний үнэтэй гэсэн үг юм. Бас дээр нь  Хүй долоон худагт хогийн сав олноор байрлуулах тухай асуудлыг шийдэхдээ нэг бүр нь 180.0 мянган төгрөгийн үнэтэй хогийн сав байхаар  төлөвлөсөн гэж байна. Гадаа тавих ямар  хогийн сав гэхлээрээ 180.0 төгрөгийн үнэтэй байдаг юм бол. Мөн наадмын дотоод зохион байгуулалтын асуудалд юунд зарцуулах нь тодорхойгүй, их хэмжээний хөрөнгө мөнгө төлөвлөсөн явдал байна. Наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд оролцох Соёл урлагийн  болон  Ёслол хүндэтгэлийн салбар хорооны зардал гэхэд нь ноднин жилийн наадмаас даруй 5-11 дахин өссөн  дүнтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл  наадмын нээлт, хаалтын цаг гаруйн арга хэмжээ, урлаг соёлын одуудын концерт, төрийн  томчуудын зоог, ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд зориулж нийтдээ  1.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа нь харамсалтай. Хар ухаанаар тооцоод үзэхэд Соёл урлагийн салбар хороо наадамд оролцох хамтлаг дуучидад тус бүрд нь  нэг сая төгрөг өгье гэж тооцоход  960 хүнд өгөх болоод байгаа юм. Гэтэл өнөөдөр бидэнд ийм олон хамтлаг дуучид бий билүү. Үгүй бол энэ хөрөнгө юунд, ямар зорилгоор зарцуулагдах болж байна вэ?

– Та бүхэн наадмын төсвийг харьцуулж үзсэн үү, урьд урьдын жилүүдэд баяр наадамд зориулан ямар хөрөнгө гаргаж байсан юм бол?

– Энэ ардын хувьсгалын 92 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Өөрөөр хэлбэл улс орны хэмжээний тэмдэглэлт ой, олон  баяр давхацсан жил биш.  Бид өмнө өмнөх жилүүдийн төсвийг харьцуулж  харсан.  Тухайлбал, 2009 онд буюу  одоогоос 4 жилийн өмнө  Хүннү гүрэн байгуулагдсны 2220 жил, их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж төсвөөс  1.3 тэрбум  төгрөг зарцуулж байсан байна.  Энэ нь өмнөх жил буюу 2008 оны наадмыг төсвөөс даруй 2 дахин  байсан бөгөөд зардлын ихэнхийг нь  олон нийтийг хамруулсан арга хэмжээ, түрүүлж үзүүрлэсэн бөх, морьдын бай, 1000 морин хуурч, 1000 уртын дуучны хөлс зардал гэх мэтэд зориулсан юм билээ. Харин ноднин жилийн хувьд 797.8 сая төгрөгт багтаан  баяр наадмаа тэмдэглэсэн бол энэ жил  зам харгуй бүтээн байгуулалттайгаа нийлээд 50 орчим тэрбум, үүнээс зөвхөн наадмын зохион байгуулалт гэхэд 3.8 тэрбум  төгрөг  болоод байгаа нь энэ талаар ярихаас өөр аргагүй байдалд хүргээд  байгаа юм.

– Баяр наадмаа ийм хэмжээний хөрөнгө мөнгөөр зохион байгуулах ёсгүй гэж  үзэж байгаа юм бол  эл хэмжээний  хөрөнгөөр бүтээн байгуулалтын ямар ажлуудыг хийж болох вэ?

– Би  дээр хэлсэн дээ,  улс орон маань ядуу, хямралтай байна, дээр нь Чингис хааныхаа нэрээр дэлхийн зах  зээл дээр бонд арилжиж олж авсан жаахан  мөнгөө хэрэгтэй, үр дүнтэй зүйлд зарцуулахгүй бол болохгүй ш дээ. Наадмын комиссынхон 30 гаруй тэрбум төгрөгийг Чингис бондын “гудамж” төсөлд зарцуулах хөрөнгөнөөс гаргахаар төлөвлөж байгаа тухайгаа ярьсан байна лээ.  Уг нь бондын мөнгийг эргээд үр дүн авч ирэх зүйлд зарцуулвал зүгээр дээ. Тиймгүй бол Хүй долоон худагт  зам барихад зарцуулаад, тэр нь жилдээ ганц удаа ашигладаг зам байвал хэцүү, эргээд  монгол улсад өр болно.  Наадмын дараа намар гэдэг,  удахгүй сургууль цэцэрлэгийн хичээл эхлэнэ. Сургууль  сурагчидаа багтааж чадахгүй байгаагын улмаас  3 ээлжээр хичээллэж, хүүхдүүд нэг ширээнд  гурваараа зэрэгцэн сууж байна. Цэцэрлэгийн нэг анги 20 хүүхэд элсүүлэх   ёстойгоос 60 гаруй хүүхэд элсүүлэн, нэг ангид багтаж ядан сууцгааж байна. Гэр хороолол дунд хороо,  өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэс дутагдалтай хэвээр байна. Төр дунд сургуулийн урсгал зардлыг шийдэх  хөрөнгө байхгүйн улмаас эцэг эхчүүд халааснаасаа мөнгө гаргаж сургууль цэцэрлэгийн урсгал засварыг хийж байна. Бодит байдал ийм байхад  төр засгийнхан баяр наадамд  зориулан  100 цэцэрлэг, эсвэл 10 сургууль, эсвэл  өрхийн эмнэлэг, цагдаагийн  хэлтэстэй  хорооны нэгдсэн кампус  100 орчимыг барих хөрөнгийг байр наадмаа тэмдэглээд л өнгөрүүлэх гэж байгаа нь маш буруу, харалган  бодлого юм.

–   Цаашдаа асуудал яаж өрнөх бол,  засгийн газар та бүхний санал шаардлагыг хүлээн авах болов уу?

– Засаг төрд аливаа асуудлыг эрүүлээр харж, сэтгэдэг хүмүүс олон байгаа бол энэ асуудлыг  эргэж яригдах ёстой л гэж бодож сууна.  Тэгээд ч Онлайн  парламентын төлөөлөгчид бидний Засгийн газарт хүргүүлж байгаа албан бичиг бол шаардлага гэхээсээ илүүтэй  санал, зөвлөмж юм. Агуулгын хувьд бол Засгийн газрын зүгээс  баяр  наадам зарцуулахаар төлөвлөсөн төсвийн асуудлаа эргэж хараач,  төсвийн задаргаагаа олон нийтэд ил тод болгооч,  ер нь цаашдаа  баяр наадмыг тэмдэглэхэд төр байнга оролцдог  байдлаасаа салж, хувийн хэвшлийнхэн дунд явуулдаг  шинэ менежментийн бодлогийг нэвтрүүлээч,  Үндэсний баяр наадмыг дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээ болгон,  баячуудын наадам болж байгаа  байдлаас салгах тууштай бодлого хэрэгжүүлээч гэсэн саналыг хүргүүлж байгаа. Энэ асуудлын хүрээнд  шийдвэртэй арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлнэ байх гэж  итгэж байгаа. Үгүй бол бид цахим орчинд асуудлыг олон нийтийн дунд оруулан нарийвчилсан хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

Ярилцсан      Т.Түвшин

Ugluu.mn

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …