Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд Болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох тухай танилцууллаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192, нүүлгэн шилжүүлэх 31 байршил, хэмжээг НИТХ-ын тогтоолуудаар баталсан байдаг. Гэвч дээрх байршлуудад барилга, байгууламж барьсан, зарим дүүргийн засаг захиргааны нэгжид өөрчлөлт орсон, газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан нүүлгэн шилжүүлэх болон түр цугларах талбайн байршил, хэмжээг шинэчлэн тогтоох хэрэгцээ, шаардлага үүсжээ.
Дээрх шалтгаан болон Нийслэлийн Онцгой байдлын газраас ирүүлсэн саналыг үндэслэн болзошгүй гамшгийн үед түр цугларах 203 байршлын 164.6 га талбай, нүүлгэн шилжүүлэх 33 байршлын 1430.4 га талбайг шинэчлэн батлуулахаар НИТХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Тодруулбал,
Баянгол дүүрэг-Түр цугларах 23 байршлын 14.23 га, нүүлгэн шилжүүлэх 3 байршлын 148 га
Баянзүрх дүүрэг– Түр цугларах 40 байршлын 51.42 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 85 га
Сүхбаатар дүүрэг– Түр цугларах 29 байршлын 20.08 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 106 га
Чингэлтэй дүүрэг– Түр цугларах 18 байршлын 7.64 га, нүүлгэн шилжүүлэх 4 байршлын 136 га
Хан-Уул дүүрэг– Түр цугларах 47 байршлын 31.14 га, нүүлгэн шилжүүлэх 2 байршлын 86 га
Сонгинохайрхан дүүрэг– Түр цугларах 22 байршлын 10.63 га, нүүлгэн шилжүүлэх 2 байршлын 205 га
Налайх дүүрэг– Түр цугларах 11 байршлын 8.4 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 118 га
Багануур дүүрэг– Түр цугларах есөн байршлын 19.17 га, нүүлгэн шилжүүлэх 3 байршлын 38.2 га
Багахангай дүүрэг– Түр цугларах дөрвөн байршлын 1.9 га, нүүлгэн шилжүүлэх дөрвөн байршлын 508.2 га талбайг тусгаад байна.
Зөвлөлийн гишүүд дээрх байршлуудад дахин өөрчлөлт орохгүй байхад анхаарах ёстойг хэлж байлаа. Хурлаас тэмдэглэл гарч, тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.