“Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн туршлага, сургамж” эрдэм шинжилгээний хурал боллоо

Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комисс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улс дахь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын суурин төлөөлөгчийн газар хамтран “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУРШЛАГА, СУРГАМЖ” салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2023.05.29/ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд  зохион байгууллаа.


Эрдэм шинжилгээний хуралд Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Боловсрол, Шинжлэх ухааны сайд С.Энх-Амгалан, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирал Н.Хүрэлбаатар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон коронавирусийн цар тахлын үед хүчин зүтгэж байсан эмч, мэргэжилтнүүд оролцлоо.


Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирал Н.Хүрэлбаатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед Монгол Улсын төр, засаг  болон хувийн хэвшлийн байгууллага, ард иргэд, эрүүл мэнд, боловсролын салбар, онцгой байдал, цагдаа, хүчний байгууллага сэтгэл гаргаж зүтгэж ажилласны үр дүнд манай улс уг халдварт өвчнөөс улбаалсан нас баралт хамгийн багатай улсуудын нэг болсон юм.

Манай хамт олон Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Боловсрол, Шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамны дэмжлэгээр “Эмнэл зүйн молекул” оношилгооны төв”-ийг шинээр байгуулан, вирусийн халдварыг шүлсэнд илрүүлэх шинэ оношлуурыг бүтээсэн.

Монгол улс төдийгүй дэлхий дахин барьц алдаж байсан халдварт цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажил хэргийн уялдаа холбоо, үйл ажиллагааны давхардал, гээд алдаа оноогоо шүүн тунгааж хэлэлцэн дараагийн цар тахлын үед хугацаа алдахгүй, зөв зүйтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн туршлага, сургамж” эрдэм шинжилгээний хурал өндөр ач холбогдолтой юм.

Цаашид бид шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан дэвшилтэд болон өндөр технологийг хөгжүүлэх, дэд бүтцийг бий болгох замаар шинэ болон дахин сэргэж байгаа халдварын цар тахал дэгдсэн онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авч ажиллах үндэсний тогтолцоо буюу халдварт өвчний хяналт сэргийлэлтийн төвийг байгуулан  ажиллахад төр засгийн зүгээс онцгойлон анхаарч, хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байна ”гэв.


Ковид-19 цар тахлын үед Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Улсын Онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих баримт, судалгаагаар хангах, ард иргэдэд болон эмч мэргэжилтнүүдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах чиглэлээр Биоанагаах ухаан, Эмнэлзүй, Нийгмийн эрүүл мэнд гэсэн гурван чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажилласан.

Мөн тус сургуулийн эрдэмтэн, судлаачид болон багш нар эмч мэргэжилтнүүдэд зориулан КОРОНАВИРУСТ халдварын тархвар судлал, сэргийлэлт, эмнэлзүй, оношилгоо, хариу арга хэмжээний бэлэн байдал зэрэг чиглэлээр 5 багц сургалтыг зохион байгуулснаас гадна Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их  сургуулийн Монгол-Японы эмнэлэг, Эмнэлзүйн молекул, оношилгооны төв олон мянган хүнд үйлчилж, эрүүл мэндийн салбарын ачааллыг хуваалцаж, цар тахлыг даван туулахад хувь нэмрээ оруулсан юм.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Цар тахлын нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөх, хэзээ, ямар мутаци дахин дэгдэх, хэр зэрэг хор хохирол учруулахыг хэн ч тааж мэдэх боломжгүй үед Монгол Улсын Засгийн газар, УОК-оос иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ цар тахлын улмаас уналтад орсон эдийн засгаа сэргээх, ажлын байр хадгалж, ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих бодлого баримтлан ажилласан.

УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх зорилго бүхий эрдэмтдийн зөвлөл байгуулан ажилласан нь маш үр дүнтэй байлаа. Эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь авч явах Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх гол найдвар нь вакцин байсан учраас төр, засаг ард иргэдээ цаг алдалгүй вакцинд хамруулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ.

Бид цаашид тайвширч өнгөрснөө мартах бус алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын тулд Гамшгийн эрсдэл үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлж, үнэлгээ хийх, түүнээс урьдчилан сэргийлэх, улмаар экосистемийн доройтол, халдварт цар тахал зэрэг нийлмэл хүчин зүйлсийг шийдвэрлэх чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээнд тулгуурласан эрсдэлийн менежментийг хөгжүүлэх, инновац, шинжлэх ухаанч онол, арга зүйн боловсруулалтыг нэвтрүүлэх, Гамшгийн мэдээллийн санг бүрдүүлэх, өгөгдлийн сан ашиглалтыг сайжруулах, аливаа гамшиг ослын үед тэсвэртэй олон талт дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийх, Гамшгаас хамгаалах салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөц боловсон хүчний бодлогыг анхааран мэргэшүүлэх, дадлагажуулах ажлыг зохион байгуулах, Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, боловсронгуй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, Гамшгаас хамгаалах болон Эрүүл мэндийн тухай хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог үе шаттайгаар шинэчлэн чадавхжуулж, иргэдээ мэдээлэлжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсролын дээшлүүлэх, нийгмийн суурь өвчлөлийг багасгах нийтийн эрүүл мэндийн чиглэлд онцгой анхаарч ажиллах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрсдэлийн үеийн ажиллах горим, хариуцлагыг өндөржүүлэх зэрэг чиглэлүүдэд анхаарч ажиллах шаардлагатай байна” хэмээн онцоллоо.


Тус хуралд (КОВИД-19) цар тахлын үеийн бодлого, эрх зүй, нийгэм, эдийн засаг, эрсдэлийн үнэлгээ, харилцаа холбоо, шуурхай хариу арга хэмжээ, халдварын хяналт сэргийлэлт, тархвар зүй, оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүний нөөцийн бэлэн байдлын чиглэлээр хийгдсэн нотолгоонд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн бүхий илтгэлүүдийг хэлэлцлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …