Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна.
Тодруулбал, Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, 22-ын товчоонд байрлах Авто худалдааны төв болон найман дүүргийн талбайд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах юм. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулалт болон хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Үйл ажиллагаа зохион байгуулж буй байршлуудад хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран Хүүхэд хамгааллын багийг ажиллуулах юм. Тус багт сайн дурын 100 ажилтан ажиллаж байгаа бөгөөд хүүхдийг төөрөх, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж эцэг эхийн дугаарыг тэмдэглэх хэсэг бүхий 10,000 бугуйвчийг бага насны хүүхдүүдэд зүүж өгнө.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан дэд хурандаа П.Болормаа: Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой цэгүүдэд зөвлөмж, мэдээлэл өгөх, төөрсөн хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх ажлыг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулна гэв. Мөн олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газар хүүхдээсээ хором анхаарал холдуулахад л хүүхэд төөрдөг гэдгийг анхаарууллаа. Түүнчлэн хүүхэд төөрвөл 102 дугаарын утас болон тухайн цэгт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид шуурхай мэдээлээрэй хэмээсэн юм.
Зарим байршилд 08:00-20:00 цагийн хооронд зам хаана
Хүүхдийн баяраар замын хөдөлгөөнд орох өөрчлөлтийн талаар ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу танилцууллаа.
Маргааш 08:00-20:00 цагийн хооронд
Монголын хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
“Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж) зам хаах юм.
Хүүхдүүдийн парад 10:30-11:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Төв шуудангийн уулзвар хүртэл явах учраас зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Мөн 12:00-12:30 цагийн хооронд Централ тауерын уулзвараас Шангри-лагийн уулзвар хүртэл хөдөлгөөн түр хязгаарлаж, парад явах юм.