“Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэгт хариуцлага тооцохыг шаардаж байна

“Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн ажилчдын орон сууцны хотхоны 2-р ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажил зогссонтой холбогдуулан өнөөдөр /2023.06.26/ барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компаниуд мэдээлэл хийж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нарт шаардлага хүргүүллээ.


ХУГАЦААТАЙ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ,

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН,

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗГХЭГ-ЫН ДАРГА

 Д.АМАРБАЯСГАЛАН ТАНАА

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 129 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хотын нутаг дэвсгэрт  баригдаж байгаа “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн ажилчдын орон сууцны  хотхоны 2 дугаар ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг Батлан хамгаалах яамны захиалгаар хийж байгаа ч барилгын ажил зогсоод байна.  Монгол Улсын тал орон сууцыг барьж байгуулах үүргийг хүлээсэн. Энэ байрнууд бэлэн болбол гаднаас ирж ажиллах нарийн мэргэжлийн инженер техникийн ажилчид, монголын залуус, залуу гэр бүлүүд байрлаж ажлаа хэвийн гүйцэтгэх нөхцөлөөр хангагдах ёстой. Байр сав байхгүйгээс тусгай ажилчид ирээгүй байна. Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж, тэргүүлэх чиглэл нь Аж үйлдвэрийн сэргэлт, Хөдөөгийн сэргэлт болоод байгаа билээ. Харамсалтай нь төсөл хэрэгжүүлэгч “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирлаас болж аж ахуй нэгжүүд хохирч, уг барилга бүрэн дуусаагүй, өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.

Монгол Улсын эрх ашиг, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, цаг хугацаатай уралдан хийгддэг бүтээн байгуулалтын ажлууд зогсоод байгаа тул бид хугацаатай шаардлага хүргүүлж байна.

НЭГТ: Улсын төлөвлөсөн ажлыг хувийн эрх ашгийнхаа дараа тавьж бүх талаар уг ажлыг гацааж, удаашруулж, үйлдвэрийг ашиглалтад оруулахгүй байх хүсэл сонирхолтой байж, Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудыг худал буруу ташаа мэдээллээр хангаж, барилга бүтээн байгуулалтын ажлыг зогсоож, аудитын дүгнэлтээр ТӨХХК-ийг удирдаж чадахгүй байгаа тул “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.АЛТАНЦЭЦЭГ-т хариуцлага тооц.

ХОЁРТ: 2 дугаар ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажлын гэрээнд мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтэд заасны дагуу үнийн тохируулга /зураг төсөл болон тоо хэмжээний зөрүү/ хийж барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлж, яаралтай хэвийн үргэлжлүүлж ашиглалтад оруулах шийдвэр гаргах.

( Жишээ нь: 1 давхартаа 26 баганатай байх ёстой барилгыг 12 баганатай хий гэж муйхарлаж байна. Энэ нь ямар ч боломжгүй юм.)

Газрын тосны үйлдвэр бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой, өөрсдөө бензин шатахуунаа үйлдвэрлэх тухай том эрх ашгийн асуудал. Тиймээс дотооддоо бензин шатахуунаа үйлдвэрлэх бусдаас хараат бус болох хамгийн том бүтээн байгуулалт ажил учраас бид ковид цар тахал, барилгын материалын хомсдол, барилгын материалын үнийн өсөлтөөс үл шалтгаалж ажлаа гүйцэтгэж байсан болно. Гэтэл нэг хүний эрх ашиг, эрх мэдлээс болж өнөөдөр бүх ажил зогсож, эмэгтэй захирлуудтай компаниудын олон зуун ажилчид хохирч, өр зээлийн дарамтад орчихсон ажилчдынхаа цалингаа өгч чадахгүй, гэр орноо зээлийн хүүд алдаж, дампуурлын ирмэгт хүрээд байна.

“Монгол Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны 2 дугаар ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын дэд бүтцийн ажлыг шуурхайлах, ашиглалтад оруулах чиглэлээр хийгдсэн Төрийн байгууллагуудын шалгалтаар удаа дараа хийсэн хяналт шалгалтын дагуу гаргасан албан ёсны дүгнэлт, акт, бичиг баримтуудыг үл тоож, Засгийн газрын тогтоол, “Шинэ сэргэлтийн бодлого Аж үйлдвэрийн сэргэлт, Хөдөөгийн сэргэлтийн эсрэг байж Улсын их бүтээн байгуулалтын суурь ажлыг гацааж, зогсоож байгаа “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг-ийг Засгийн газрын шүүр ажиллагаанд оруулж хариуцлага тооцохыг шаардаж байна. Үндэсний аудитын дүгнэлтээр шилэн дансаа хөтөлдөггүй их хэмжээний мөнгөний акт тогтоолгох зэрээр маш олон зөрчил үүссэн байдаг.

Угтаа бол Монгол Улсын хөгжлийн гол бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах, ашиглалтад хурдан оруулахын төлөө төрийн шударга албан хаагчид, төрийн бүх шатны байгууллагууд санал зөвлөмж гаргаж, хяналт шалгалт хийж, дүгнэлтээрээ баталгаажуулаад байхад Д.Алтанцэцэг захирал үүнийг огт ойшоодоггүй.

Тухайлбал:

  • Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс томилогдсон ажлын хэсгийн 2021.08.19-ны өдрийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, мөн 2022.05.25-ны өдрийн тоот дүгнэлт
  • Хөндлөнгийн буюу Төсөвчдийн холбоогоор 2021.10.27-ны өдрийн барилга барих ажлын тоо хэмжээ болон төсөвт хийсэн шинжээчийн дүгнэлт гаргасан, уг дүгнэлт барилгын хөгжлийн төвийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн.
  • Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2022.06.03-ны өдрийн “Дутагдал арилгах тухай” албан шаардлага, мөн Улсын байцаагчийн дүгнэлт, акт
  • Монгол Улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2022.10.12-ны өдөр уг асуудалд анхаарч Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг нарт  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүд санхүүжилтээ авч чадахгүй байгаа улмаас ажил удааширсан, ажилчид нь хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй байгаа тул санхүүжилтийг шийдвэрлэх арга хэмжээ авах тухай албан үүрэг өгсөн боловч одоо хүртэл ямар ч үр дүн гаргаагүй байна.
  • 2022.10.17-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн,Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Барилга угсралтын ажлын явц байдал, тулгарч буй хүндрэлтэй асуудал, түүнийг шийдвэрлэх талаар хийсэн уулзалтаар “Энэ түүхэн Монгол Улсыг нефтийн бүтээгдэхүүнээр хангах стратегийн ач холбогдолтой төсөл… магадлалаар гарсан дүгнэлтийг үндэслээд барилгын ажлыг түргэн шуурхай дуусгах хэрэгтэй. Магадлалаар хянагдсан ажлын төсөвт өртгөөр ажлыг үргэлжлүүлэх, Барилга хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилга угсралтын үйл явцад хяналт тавьж мэргэжлийн зөвлөгөө өгч туслалцаа дэмжлэг үзүүлж хамтран ажиллах чиглэл, үүрэг даалгавар удаа дараа өгсөн. Энэ бүхнийг ганц Д.Алтанцэцэг гэдэг захирал гацааж олон хүний ажлын үр дүн, хүч хөдөлмөр, цаг хугацааг үгүй хийж байна. Гурван эмэгтэй захиралтай манай компанийн ажилчид бид хохирч, банкны хүүтэй зээл, зээлийн хүүгийн өр дарамтад орж 1000 гаруй ажилчдынхаа цалинг өгч чадахгүйд хүрээхээс гадна гүйцэтгэгч компаниуд бусдад төлөх өр төлбөрийн асуудлаасаа болж эхнээсээ шүүхийн байгууллагад хариуцагчаар дуудагдаад байж байна.

Бид уг төслийг эхлүүлсэн цагаас эхлээд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд болох МУ-ын шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, Батлан хамгаалахын сайд, Барилга хот байгуулалтын сайд, Үндэсний аудитын дүгнэлт, шаардлага, акт, Барилгын хөгжлийн төв, Төсөвчдийн холбоо, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, МХАҮТанхимд, Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбоонд удаа дараа хандаж асуудлыг шийдвэрлүүлэхээр болж эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэх үүрэг, чиглэл өгсөн боловч өнөөдрийг хүртэл хамгийн эхэнд шийдэх ёстой төсөл хэрэгжүүлэгч “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирлаас болж энэ төрийн бүх шатны хүмүүс экспертүүдийн ажлын үр дүнг үгүй болгоод байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарт хугацаатай шаардлага хүргүүлж байна.

Та бүхэн энэ асуудлыг онцгой анхаарч, хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцож бидний асуудлыг шийдвэрлэж 48 ЦАГИЙН ДОТОР хариу өгөхийг шаардаж байна. Энэ бол нэг хоёр аж ахуй нэгжийн асуудал бус Улсын маань түүхэн бүтээн байгуулалтын асуудал юм шүү. Өнөөдөр манай аж ахуй нэгж энд хэвлэлийн хурал хийж маш их цаг хугацаа алдах бус барилгаа ашиглалтад оруулаад сууж байх байлаа.

“Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс газрын тос үйлдвэрлэгч орон болж түлш, шатахууны импортын хараат байдлаас гарна. Бүс нутаг дахь улс төр, эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх түүхэн бүтээн байгуулалт билээ.”

Шинжлэх ухаан инженерийн үндэслэлтэй тоо тооцооллыг бид өөрчлөх боломжгүй. Шинжлэх ухаан авлига хээл хахууль авдаггүй.


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ 129 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ “МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР” ТӨХХК, БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ЗАХИАЛГААР ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМАНД БАРИГДАЖ БАЙГАА “МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР” ТӨХХК-ИЙН 2 ДУГААР ЭЭЛЖИЙН 287 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД

2023 оны 6 дугаар сарын 26-ны Даваа гараг

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …