Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн түрүүч, байлдагч нар хугацаат цэргийн алба хаах хугацаандаа Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж, амжилттай өгсний үр дүнд Дотоод Хэргийн Их Сургууль болон Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуульд суралцах эрхийн бичгээ гардсан юм.
Тэдний нэг тус ангийн ахлах байлдагч Б.Лхагвадоржийн баярт мөчөөс нь хуваалцсан хөөрөлдөөнийг хүргэж байна.
Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
– Намайг Батбаатарын Лхагвадорж гэдэг. Баянхонгор суманд төрсөн, 19 настай. 2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байна.
Та өмнө нь цэргийн алба хаахыг хүсдэг байсан уу? Эсвэл цэргийн зарлан дуудах хуудас аваад гэнэт шийдэв үү?
– Миний хувьд цэргийн алба хаах сонирхол их байсан. Өмнөх оны цэрэг татлагаар буюу өнгөрсөн хавар надад цэргийн зарлан хуудах хуудас ирж тэнцсэн ч сургуулиа төгсөөгүй байсан болохоор намайг чөлөөлсөн. Тэгсэн намрын цэрэг татлагаар надад “зарлан” ирдэггүй. Намайг хотод байх үеэр Баянхонгор суманд цэрэг татлагын комиссын ажил өндөрлөсөн байв. Түүнийг нь би мэдэнгүүтээ хотоос шууд ирээд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб руу орж холбогдох албан тушаалтнуудтай нь уулзаж, цэргийн албыг биеэр хаах хүсэлтэй буйгаа хэлтэл Баян-Овоо суманд “цэргийн комисс”-ын сүүлийн татлага нь болох гэж байгаа гэсэн. 10 дугаар сарын 10, 11-ний хавьцаа л байсан байх. Тэгээд Баян-Овоо сум руу очоод өөрийнхөө сонирхлоор цэргийн албанд тэнцсэн.
Цэргийн алба хааж буй онцлогийн тухайд …?
– Жагсаалын бэлтгэл, буудлага, мэргэжлийн бэлтгэл хичээлд хамрагдах сонирхолтой. Сургалт бэлтгэлээс гадна соён гэгээрүүлэх ажил, уралдаан тэмцээн их зохиогдоно. Бидний хэн нэгнээ гэсэн сэтгэл их дулаан. Мөн цэргийн албанд татагдаж ирээд бие бялдар хөгжиж, тэсвэр тэвчээрээс гадна сэтгэлийн хат суудаг юм шиг санагдсан.
Та Дотоод Хэргийн Их Сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцсэн сайхан мэдээг бидэнд дуулгасан. Энэ үеийн сэтгэгдлээ хуваалцаач?
– Би цэргийн алба хааж байх хугацаандаа Элсэлтийн ерөнхий шалгалтад эрчимтэй бэлтгэсэн. Ингээд математик, нийгэм, монгол хэлний хичээлээр шалгалт өгсөн. Ингэснээр Дотоод Хэргийн Их Сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл хөтөлбөрт 6 дугаар сарын 2-ны өдөр бүртгүүлсэн. Тэгтэл миний мэйл хаягаар 6 дугаар сарын 20-ны өдөр “Та Дотоод хэргийн их сургуульд тэнцлээ. 21-ний өглөө 09.00 цагт ирнэ үү? гэсэн хариу авсан. Энэ үед сэтгэл их хөдөлж ротын захирагч дэслэгч С.Алдаржавт илтгэсэн. Улмаар ангийн захирагч болон штабын дарга нар дэмжиж надад 6 дугаар сарын 22-ны өдрөөс 7 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 хоногийн чөлөө олгосон. Ингээд ах, эгч хоёрынхоо хамтаар нийслэлийг зорьсон ба би бээр тус сургуулийн элсэлтийн журмын дагуу бие бялдар, сэтгэл зүйн шалгалт болон эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн юм. Улмаар 7 дугаар сарын 1-ний өдөр бүртгэлээ баталгаажуулснаар өдгөө хугацаат цэргийн албаа үргэлжлүүлэн хааж байна.
Их сургуульдаа бүрэн тэнцсэн тухай баярт мэдээтэй эргэн ирэхэд тус ангийн удирдлага, үе тэнгийн найзууд нь хэрхэн хүлээн авсан бол …
– Тэд маш их баяртай хүлээж авсан. Салаа, рот, ангийн захирагч нар хүлээн авч баяр хүргэсэн. Хугацаат цэргийн алба хаагчид маш их баяртай байгаагаа байнга илэрхийлсээр байна.
Сургуульдаа бүртгүүлж, шалгалт өгч байх явцад өөр шиг тань хугацаат цэргийн албанаас их сургуульд элсэж байгаа байлдагч харагдав уу?
– Миний анзаарснаар Хилийн цэргийн хоёр байлдагч байсан. Тэд цэргийн дүрэмт хувцастайгаа ирсэн байлаа. Би цэргийн дүрэмт хувцсаа цэргийн байрны агуулахад үлдээчихээд явсан нь буруудсан байна лээ. Жаахан харамсалтай санагдсан.
Өмнө нь алба хааж байх хугацаандаа тус ангиас их сургуульд элссэн тохиолдол бий дээ?
– Тийм ээ. Одоогоос яг нэг жилийн өмнө тус ангийн байлдагч Ц.Билэгжаргал хугацаат цэргийн алба хаах хугацаандаа Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж, их сургуульд элсэж байсан юм билээ.
Ангийн удирдлагын зүгээс энэ чиглэлд ихээхэн анхаарсны үр дүн гэж бодож байна. Таны хувьд …
– Тэгэлгүй яах вэ. Энэ жилийн хувьд тус ангиас надаас гадна ахлах байлдагч Э.Жамъянсүрэн Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуульд элссэн. Бид хоёрыг ангийн захирагч хурандаа Ц.Батхүү, мөн ротын захирагч болон бусад удирдах албан тушаалтнууд Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нөхцөл, боломжоор бүрэн хангасан. Тиймээс ч бид хоёр энэхүү шалгалтаа амжилттай өгч хүссэн сургуульдаа тэнцээд ирлээ. Иймд Та бүхэндээ талархсанаа илэрхийлье. Мөн гэр бүлийнхэндээ хайртай шүү гэж хэлмээр байна.
Танд баярлалаа.
Эх сурвалж:Зэвсэгт хүчний Жанжин штаб