Монгол Улсад үржлийн мал, амьтан импортлоход тавигдах шаардлагын талаар ГЕГ-ын Хорио цээрийн хэлтсийн ГУБ Д.Анхтуяагаас тодрууллаа.
- Монгол Улсад үржлийн мал, амьтныг хэрхэн импортолдог вэ?
Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад” байна” гэж заасан бөгөөд малын чанар үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Малын генетик нөөцийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу жилд орж ирэх мал амьтан, үржүүлгийн бүтээгдэхүүнийг төрөл тоо хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталж, квот олгодог.
Мал амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг импортлохын өмнө импортын мэдэгдэл авах ёстой байдаг. Импортын мэдэгдэл авахын тулд дараах материалуудыг бүрдүүлдэг. Үүнд, албан хүсэлт, Худалдан худалдан авах гэрээ, Олон улсын гэрчилгээ, Мал амьтан импортлох тусгай зөвшөөрөл, Импортлогч орны мал эмнэлгийн шинжилгээний бичиг гэсэн холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлдэг.
- Энэ онд хэр их үржлийн мал, амьтныг импорт хийгдсэн бэ?
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Польш, ОХУ, Франц улсаас үржлийн адуу 140 толгой, үржлийн үхэр 162 толгой, 1062 бүл зөгий импортоор орж ирсэн байна.
- Гаалийн байгууллага үүнд ямар хяналт шалгалт хийдэг вэ?
Гаалийн байгууллага бичиг баримтын болон бусад хяналт шалгалтыг хийдэг. Бичиг баримтыг хяналт шалгалт нь дээр дурдсан шаардлагуудыг хангасан эсэхийг нягтлах юм. Бичиг баримтын зөрчилгүй нөхцөлд импортлох амьтан, ургамал, бүтээгдэхүүн, түүнийг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн анхдагч үзлэг, шалгалт хийдэг.
Анхдагч үзлэг, шалгалтаар зөрчил илрээгүй нөхцөлд гаалийн бүрдүүлэлтийг хийж, татвараа орон нутгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлж, хорио цээрийн дэглэмд оруулдаг . Түүнээс хойших хяналт Мал эмнэлгийн ерөнхий газарт хамаардаг.
- Гаалийн байгууллагаас импортын мэдэгдлийг хэрхэн авах вэ, ямар хугацаа зарцуулдаг бол?
– Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд импортлогч иргэн, ААН хилээр нэвтрүүлэхийн өмнө Гаалийн ерөнхий газарт цахим www.caps.gaali.mn сайтаар дараах материалуудыг бүрдүүлж илгээснээр импортын мэдэгдлийг цаг алдахгүй өдөртөө ч авах боломжтой. Үүнд:
– Албан хүсэлт
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Худалдах худалдан авах гэрээ
- Үржлийн мал амьтан импортлох тусгай зөвшөөрөл
- Мал эмнэлгийн ерөнхий газрын ОУ-ын гэрчилгээ
- Тухайн улсдаа хорио цээрт орсон тухай шинжилгээний дүн
- Орон нутгийн Засаг даргын захирамж гэх мэт.
Баярлалаа