Хөвсгөл аймагт “Сарлаг наадам-2023 ” эхэллээ

Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Далан булагт “САРЛАГ НААДАМ”-2023  арга хэмжээ  өнөөдөр /2023.07.20/ эхэллээ.

Тус наадмыг  Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Аймгийн ХХААГ, БОАЖГ, Соёл урлагийн газар, Мал эмнэлгийн газар, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Жинст Мөрөн” компани хамтран  5 дахь жилдээ зохион байгуулж байна.

“САРЛАГ НААДАМ”-2023 арга хэмжээг нээж Хөвсгөл аймгийн Засаг дарга П. Лхагважав үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Бид аялал жуулчлалыг хөгжүүлэх улирлын хамаарлыг багасгаж  гадаад  дотоодын жуулчдыг татан оролцуулах, төр хувийн хэвшил, ТББ-ын хамтын ажиллагааг сайжруулах, аялал жуулчлалын салбараас нутгийн иргэдэд орох орлогыг нэмэгдүүлэх,  зорилгоор “Сарлаг наадам” эвент арга хэмжээг 5 дах удаагаа зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 332 дугаар тогтоолоор хөвсгөл нуур орчмын бүсийг “эко аялал, жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх тогтоол гарсан бөгөөд энэ ажлын хүрээнд Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү эвент арга хэмжээ сарлаг үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин иргэдийг дэмжих, бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах, цаашид Улсын хэмжээний эвент арга хэмжээ болгон хөгжүүлэхээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Цаашид тоо толгойн өсөлтөөс нэгжийн ашиг шим чухал гэдэгт анхаарч, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд үржлийн ажлыг чиглүүлэх шаардлагатай”-г онцлоод наадмын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

“Энэ жилийн “САРЛАГ НААДАМ”-2023  арга хэмжээ  “Хөвсгөлд зочлох жил”-ийн хүрээнд  аймгийн аялал жуулчлалын эвэнт арга хэмжээ  болж  зохион байгуулагдаж байгаараа  онцлог болж байна.Бид малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. 2013 онд Хөвсгөл аймгийн 5 суманд Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл хэрэгжсэн. 2013 оноос малчдын дунд малчдын дундын сан, малчдын байртай болох, сарлаг үхрийн хөөврөн бүтээгдэхүүнийг үнэд оруулах зэрэг чиглэлээр олон ажил зохион байгуулсан.Малчид 10 гаруй жилийн өмнө хуучин аргаараа хөөврөө бэлтгэж зах зээлд хямд өгдөг байсан. Зарим нь хөөврөө бэлтгэх сонирхол ч багатай байлаа. Харин өнөөдөр ноолуурын дараа ордог хамгийн үнэтэй түүхий эд хөөвөр болж байна” гэдгийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Ням-Очир хэллээ.

 Хөвсгөл аймгийн Засаг дарга асан, АИТХ-ын төлөөлөгч Ш.Идэрбаясгалан “Сарлаг үхрээс олон төрлийн ашиг шим гарах боломжтой. Мах сүүний чанараараа гайхагддаг гэдгийг хүн бүр мэднэ. Зөвхөн хөөврийг ашиглаад ямар олон төрлийн хувцас хэрэгсэл хийж борлуулж болдог гэдгийг “Жинст Мөрөн” ХХК таниулан түгээж байна. Энэ бол нэг жишээ. Цаашлаад бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломж өргөн байгаа. Тэднийг ашиглаж түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож Монголдоо, цаашлаад дэлхийд танилцуулах нь чухал байна. Энэ дээр тал дээр малчидтайгаа хамтарч, хөдөлмөрөө хоршиж байж үр дүнд хүрнэ” гэв.

Сарлагийн наадамд 5 айлын 500 сарлаг, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож байна.

Хоёр өдрийн турш  болох арга хэмжээнд сарлагтай холбоотой бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уралдаан, тэмцээн зохион байгуулагдах юм.

 Үүнд:

Сарлаг бугуйлдах тэмцээн

Сарлаг үхрийн уралдаан

Сарлаг булгиулах тэмцээн

Сарлагийн хөөвөр, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Мөн  “САРЛАГ НААДАМ”-2023  арга хэмжээний тэмцээн, уралдаанд оролцогчдоос хураамж авахгүй.

Тав дахь жилдээ зохиогдож буй “САРЛАГ НААДАМ” өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.

Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ сум нь байгаль цаг уурын хувьд сарлаг маллах хамгийн таатай нутаг бөгөөд 2022 оны байдлаар 34 мянган толгой сарлаг үхэр тоолуулсан.  Сумын малчин өрхийн  орлогын 30 орчим хувийг сарлаг үхрээс гарч буй  бүтээгдэхүүн эзэлдэг.

Сарлаг үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин иргэдийг дэмжих, бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын эвэнт арга хэмжээ болгон хөгжүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн “Сарлаг наадам”-ыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ нь гадаад дотоодын жуулчдын сонирхон ирж үздэг арга хэмжээ болж өргөжсөн билээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …