Огторгуйд үүл хурж, хур бороо орж хурын усаар газар шороо бүгд чийглэгдэж хүйтэн салхитай хавсарснаар зуны улирал нь сэрүүн мөн чанартай байдаг. Гадна ертөнцөд сэрүүн давамгайлахын эрхээр хүний биеийн дотор хий махбод ихсэж хий хөдөлдөг тул зуны улирлыг хийн улирал гэж нэрлэдэг.
Газрын чийг, хурын хүйтэн ус зэргээр хүний биед байдаг бүх шар үсний нүх сүв нээгдэж онгойдог учраас тэрхүү нүх сүвээр биеийн дотоод галын илч гадагшилдаг тул ходоодны хоол ундыг шингээх хүч багасдаг. Тийм учраас ходоодны галын илч буюу хоол шингээх хүчийг тэтгэх идээ ундыг хэрэглэх хэрэгтэй.
Зуны улиралд ерөнхийдөө амтлаг, исгэлэн, давслаг амттай, хөнгөн бүлээн чадалтай, бага зэргийн тослог, шингэхэд хялбархан бөгөөд шим тэжээлтэй хоол ундыг ходоодныхоо шингээх хүчтэй тохируулан хэрэглэх хэрэгтэй.
Хонины мах, адууны мах, борц (борц нь хүнд чадлаараа хийг дардаг, шингэхдээ удаан тул ходоодныхоо шингээх хүчтэй тохируулан хэрэглэх хэрэгтэй) бүлээн чадалтай тул хүйтэн хийг дардаг.
Зуны улиралд болон хий нь ихэдсэн хүмүүс хоол хүнсэндээ голдуу хонины махаар хийсэн төрөл бүрийн шөлтэй хоолыг хэрэглэх нь тохиромжтой.
Ногооны төрлөөс сонгино, саримсыг хоолондоо үргэлж хэрэглэх, үр тариа болон үрийн тос, хийцтэй цай, ясны шөл зэргээр хий ядаргаагаа тайлах хэрэгтэй.
Өглөө хий хөдлөх цагаар (үүрээр 03:40-07:40, үдэш 15:40-19:40 цагийн хооронд) бурамтай бүлээн ус уух, сүү цагаан идээнээс хонь сарлагийн сүү, тараг, шимийн архи зэрэг бүлээн шимтэй идээ ундаар хийгээ дарж, илчлэг бүлээн чадалтай идээ ундаар ходоодны хоол шингээх хүчийг тэтгэж байх хэрэгтэй.
Сэрүүн хүнд чадалтай хоол ундыг хэрэглэвэл хий арвидаж, ходоодны шингээлт буурдаг. Тиймээс аль болох тослог бүлээн чанартай шингэхэд хялбар бөгөөд шимтэй хоол ундыг хэмжээг нь тохируулан хэрэглэвээс тохиромжтой.
Явдал мөрийн хувьд даарахгүй дулаахан байх, хүйтэн салхи бороонд даарч норохгүй, хэт өлсгөлөн болон нойргүйгээр удаан явахгүй, өлөн үедээ бие хэл сэтгэлээ хэт ачаалахгүй, удаан хугацаагаар гүйлгэж суулгаж болохгүй. Мөн хэт их ярих, өтгөн шингэнээ хүчээр хааж хавчих, бэлгийн ажлыг хэтрүүлэн хийх, сэтгэл санаагаа тогтворгүй байлгах зэрэг үйл хөдлөлөөр хий махбод хямарч өвчин үүсдэг.
Тиймээс зуны улиралд хоол хүнсэндээ бүлээн тослог чанартай шим тэжээлтэй шингэхэд хялбар хоол ундыг ходоодны шингээх хүч болон ходоодныхоо хэмжээтэй тохируулан хэрэглэх, даарахгүй дулаан байхаар цаг агаартаа тохируулан зохимжтой хувцаслах, шар тос, сүүлний тос зэргээр биеэ тосолж иллэг хийж хийгээ дарах, сэтгэл санаагаа тогтуун тайван байлгаж, цэвэр агаарт гарч наранд биеэ ээх, цагтаа унтаж, бие хэл сэтгэлээ сайн амрааж байх хэрэгтэй. Хоол унд, явдал мөрөө зөв тохируулж чадваас хий арвидах, ходоодны шингээлт буурах зэрэг олон өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.