Д.Сумъяабазар: Болзошгүй эрсдэл, аюулаас сэргийлэхийн тулд олон жил ужгирсан асуудлыг одоо л шийдэх ёстой

Өчигдөр Улаанбаатарт орсон аадар борооны улмаас үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:Өчигдөр орсон борооны улмаас 195  барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа үерт өртөж, эрсдэлтэй нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс Шуурхай штаб байгуулан арга хэмжээ авч ажиллаж байна.

Нийслэлийн 66 хорооны байршлуудад нийслэл болон дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн 693 ажилтан, алба хаагч 105 техниктэй үүрэг гүйцэтгэж буй. Тодруулбал, орон сууцны зоорийн давхар болон нийтийн эзэмшлийн зам, талбайд тогтсон усыг шавхах, соруулах, болзошгүй эрсдэлээс сэргийлэн салгасан хэрэглэгчдийн цахилгааныг сэргээж байна. Түүнчлэн усанд автаж эвдрэл үүссэн Тэрэлж, Богинын амны авто замуудад холбогдох албаныхан ажиллаж, шуурхай арга хэмжээ авлаа.

Үертэй холбоотой үүсээд буй нөхцөл байдал нь өнгөрсөн 30 жилийн хот төлөвлөлтийн алдаа, мөн замбараагүй газар олголт, голын ай сав, голдирлыг өөрчилсний уршиг. Тухайлбал, Туул гол дагуу, Богд уулын ам, Зайсанд түр отоглох зориулалтаар газар олгож ирсэн. Эцэст нь энэ газруудад отог биш, орон сууцны хорооллын барилгууд босож байна. Тэгэхээр энэ мэт асуудлыг нэн даруй цэгцлэх, хуулийн хүрээнд хоёрдмол байгаа зохицуулалтыг нэг тийш, тодорхой болгох зайлшгүй шаардлагатай. Энэ бол аль нэг сайд, Хотын даргын хоорондын асуудал биш, хуулийн зохицуулалт нь уялдахгүй, эргээд хариуцлага хүлээх механизм тодорхойгүй байгаа эрх зүйн гажуудал юм.

Ерөөс газрын зөвшөөрөл, төлөвлөлт, ашиглалтын зориулалтад хяналт тавих, бүх шатандаа стандартыг мөрдөх, эргээд хариуцлага тооцох тогтолцоог бий болгох зэргээр өмнөх алдаагаа засаж ажиллах нь чухал. Цаашид болзошгүй эрсдэл, аюулаас сэргийлэх чиглэлд мэргэжлийн судлаач, эрдэмтэдтэй зөвлөж, шийдвэрүүдээ гаргах ёстой. Олон жил ужгирсан асуудлыг одоо л шийдэх ёстой гэсэн юм.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …