Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг огцруулахыг шаардлаа.
Нийслэлийн иргэдээс авсан судалгаагаар 76 хувь нь хотын даргыг ажил үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй байгаа тул нэн даруй огцруулах шаардлагатай гэж үзсэн байна. Мөн хотын даргыг намын бүлгээс бус иргэд өөрсдөө сонгодог болохыг шаардаж байгааг онцлон хэллээ.
Тус хэвлэлийн хурлаар дараах шаардлагыг хүргүүллээ.
- Нийслэлийн А зэрэглэлийн бүсэд барилга барих, газар олгох журмыг шинэчлэх тогтоолын төслийг НИТХ-аар яаралтай хэлэлцүүлэх.
- Нийслэлд болсон үер усны аюулаас үүдсэн хохирол, нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар иж бүрэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд нэн даруй гаргаж, иргэдэд танилцуулах. Үер усны аюул үүсэх суурь шалтгаануудыг бий болгосон албан тушаалтнуудад зохих хуулийн хариуцлага тооцох.
- Нийслэл хотын 2023 оны төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэж, инженерийн байгууламж, дэд бүтэцтэй холбоотой шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг тусган шийдвэрлэх.
- Байгалийн онц аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй хур бороо орж, гол усны түвшин нэмэгдэх үед бэлэн байдлыг хангаж чадаагүй, хариу арга хэмжээ авч, иргэд, ААН-үүдийн эрх ашгийг хамгаалж чадаагүй, үүссэн асуудлыг яаралтай, оновчтой шийдэж чадахгүй байгаа хотын даргыг огцруулах асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэх гэсэн үндсэн дөрвөн шаардлагыг албан ёсоор тавьж байна.
НИТХ эдгээр шаардлагуудыг хүлээн авч хэлэлцэхгүй бол АН-аас хотын иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө дараагийн шатны арга хэмжээг авч, идэвхтэй үйл ажиллагаа явуулахаа мэдэгдлээ.
Түүнчлэн, хотын даргад хариуцлага тооцох асуудал нь улс төржсөн үйлдэл бус, иргэдийн аюулгүй байдал, эрх ашигтай холбоотой цаг үеийн бодит шаардлага гэдгийг хэлэв.