АНУ Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш мөн

АНУ Монгол Улсын ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн дэлхий нөлөө бүхий гүрэн юм.
Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд: “АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх”-ээр  зааснаар “гуравдагч хөрш”-ийн бодлого Монгол төрийн албан ёсны бодлого болсон билээ.
АНУ нь 9.8 сая хавтгай дөрвөлжин км нутагтай, 2023 оны зургадугаар сарын ОУВС-гийн мэдээгээр 333.2 сая хүн амтай, дэлхийн ДНБ-ий 25 хувь буюу худалдан авах чадавхийн үнэлгээгээр 26.8 их наяд ам. доллар, үүгээрээ дэлхийд нэгдүгээрт, ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 80.03  мянган ам. доллар, үүгээрээ наймдугаар байр эзэлж, дэлхийн шилдэг 500 үндэстэн дамнасан корпорациудын 65 хувь, дижитал технологийн компаниудын 80 хувь нь АНУ-д ногдож, технологи, цэрэг,  батлан хамгаалах асар өндөр хүчин чадалтай, энэ утгаараа глобал бодлого явуулах чадавхитай их гүрэн юм.
Геополитикийн үүднээс авч үзвэл,  Монгол Улс, АНУ-ын харилцаа нь далайн хүчний  хэт  их гүрэн ба зүрхэн газрын бага жижиг орон хоорондын, цаашилбал дэлхийн хоёр их гүрний дунд хашигдсан ч хоёр хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэлийн эрхзүйн үндсийг тавьсан, далайд гарцгүй ч холболтын байршилтай, цөмийн зэвсгээр хүрээлэгдсэн ч нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, түүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблей хоёр жил тутам үнэлгээ хийж, тогтоолын төсөл баталдаг, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 18-д орох1.5 сая хавтгай дөрвөлжин км нутагтай, 3.4 сая хүн амтай, ОУВС-гийн 2023 оны тавдугаар сарын мэдээллээр Монгол Улс худалдан авах чадавхийн үнэлгээгээр  ДНБ  52.4 тэрбум ам. доллар, үүгээрээ 124 дүгээр байрт, үүнээс нэг хүн амд оногдох хэмжээ 14.9 мянган ам. доллар, үүгээр 103 дугаар байрт орж, Блүүмбергийн үнэлгээгээр нээгдсэн нөөц нь 3.2 их наяд ам.доллараар хэмжигдэх байгалийн баялагтай, Евразийн цээжинд орших стратегийн ач холбогдол бүхий газар зүйн байршилтай, нийтлэг үнэт зүйлтэй хоёрын  улсын харилцааны бодит жишээ юм.
АНУ-ын Гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкeр  1990 оны зун Монголд айлчлах үедээ АНУ Монгол Улсын хувьд “гуравдагч хөрш” байж болох үзэл санааг анхлан гаргасан гэж үздэг.
1990 оны долдугаар сарын 26-нд Ж.Бейкер ГЯЯ-ны сайд Ц. Гомбосүрэнтэй өргөтгөсөн яриа хэлэлцээ хийх үеэр: “БНМАУ хоёр том хөрштэй, АНУ тэдний аль нэгтэй харилцахдаа танай харилцаанд сэв суулгахыг боддоггүй. Танай улс АНУ-ыг оролцуулж гурван том улстай сайн хөршийн харилцаатай байж болох юм” гэж онцлон тэмдэглэжээ. 2005 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Төрийн ордны их танхимд үг хэлэхдээ: “Албаа хашиж  байхдаа Монголд айлчилсан Америкийн анхны Ерөнхийлөгч болж байгаадаа их баяртай байна. Америк орон танай «гуравдагч хөрш» гэдгээрээ бахархдаг билээ”  гэж онцлон тэмдэглэсэн.
Айлчлалын гол үр дүн нь Монгол Улс “гуравдагч хөрш” АНУ-тай хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт суурилсан иж бүрэн түншлэлд шилжсэн явдал юм.
Монгол-Америкийн хоёр талын худалдаа 1991 оны нэгдүгээр сарын “Худалдааны харилцааны тухай хэлэлцээр”, 1994 оны аравдугаар сарын  “Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээр”, 2004 оны долдугаар сарын “Худалдаа, хөрөнгө оруулалтын Ерөнхий хэлэлцээр”-ээр тус тус зохицуулагдаж эхэлсэн байх бөгөөд 1991 оноос АНУ Монгол Улсад худалдааны “нэн тааламжтай нөхцөл” олгожээ. 2000 оны долдугаар сарын 1-нээс эхлэн АНУ-ын Худалдааны хөнгөлөлтийн Ерөнхий системд Монголыг хамруулах шийдвэрийг гаргасан нь хоёр орны худалдаа, хамтын ажиллагааг өргөн хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлжээ. АНУ-ын Гадаад худалдааны Төлөөлөгчийн газрын 2023 оны долдугаар сарын статистик мэдээгээр 2020 онд хоёр орны худалдааны нийт эргэлт 129.2 сая ам. доллар, үүнээс америкийн экспорт 117.7 сая, импорт  11.5 сая ам. доллар болж байна.
Экспортын хэмжээгээр АНУ-ын гадаад худалдаанд Монгол Улс 140-т эрэмбэлэгдэж, экспортын гол нэрийн бүтээгдэхүүнд нисэх онгоц, тээврийн хэрэгсэл, машин механизм, цахилгаан машин, сэлбэг хэрэгсэл, оптик болон эмнэлэгийн багаж төхөөрөмж, ХАА-н бүтээгдэхүүн, үүнээс хүнсний бэлэн бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, ундаа, жимс ногоо, чихэр жигнэмэг орж байгаа бол 2020 онд  импортын хэмжээгээр АНУ-ын гадаад худалдаанд Монгол Улс 165-д эрэмблэгдэж, импортын гол нэрийн бүтээгдэхүүнд тусгай зориулалтын болон дахин боловсруулах бүтээгдэхүүн, нэхмэл, сүлжмэл, оёмол ноолуур, ноосон эдлэл, төмрийн хүдэр, хаягдал, гянтболд, давс, хүхэр, газрын ховор элемент, үнэт чулуу, төрөл бүрийн эрдэс,  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тус тус орж байна.
2020 оны эцсийн байдлаар АНУ-ын хөрөнгө оруулалт Монгол Улсын хөрөнгийн биржийн үнэлгээгээр 132 сая ам. доллар болж 2018 онтой харьцуулахад 35.6 хувиар өссөн дүн гарчээ. 1990 оноос хойш Монгол Улсад АНУ-ын дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалтай 310 гаруй аж ахуйн нэгж нийт 308 сая ам. долларын хөрөнгө оруулж, есдүгээрт эрэмбэлэгдэж байгаа ажээ.
АНУ-ын Засгийн газар 1991 оноос эхлэн Монголд  буцалтгүй тусламж үзүүлж иржээ. Үүнд: Эрчим хүчний салбарыг дэмжих, эдийн засгийн шилжилтийн бодлогыг  дэмжих, ардчилалыг бэхжүүлэх, олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар хүнсний тусламж үзүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр буцалтгүй тусламжийг үзүүлсэн байна. 1991-2011 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг 220 сая ам. долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна.  1991 оноос АНУ-ын “Энхтайвны корпус”-ын нийт 1500 гаруй сайн дурынхан Монгол Улсын боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, жижиг бизнесийг дэмжих чиглэлд ажиллаж иржээ. 2020 оноос АНУ-ын “Энхтайвны корпус” Монгол Улсын бүх аймгуудад үйл ажиллагаагаа сэргээв. 947 онд байгуулагдсан дэлхийд нэртэй АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт Монголын 500 гаруй залуус хамрагдаж, боловсрол эзэмшжээ.
2007 оны аравдугаар сард “Мянганы сорилтын гэрээ”-нд Вашингтон хотноо гарын үсэг зурсанаар 2008-2013 оны хооронд буюу таван жилийн хугацаанд Мянганы сорилтын сангаас 285 сая ам. долларыг хөрөнгийн эрх, хот орчмын бэлчээр, мэргэжлийн боловсрол, сургалт, эрүүл мэнд, цэвэр агаар, авто зам гэсэн зургаан төсөлд зарцуулж, амжилттай хэрэгжүүлж 2013 оны есдүгээр сард албан ёсоор дууссан юм. Монгол Улс Мянганы Сорилтын Корпорацийн Захирлуудын Зөвлөлийн 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрээр хоёр дахь компакт  гэрээнд хамрагдах боломжтой орноор дахин шалгарав.
Монгол Улсын “гуравдагч хөршийн бодлого хоёр талт эрхзүйн баримт бичгүүдээр баталгаажиж,  2007 оны аравдугаар сард Вашингтон хотноо гарын үсэг зурсан “Монгол Улс, АНУ-ын Ойр хамтын ажиллагааны зарчмуудын тухай Тунхаглал”-д “Нийтлэг эрх ашиг, үнэт зүйлст тулгуурласан Монгол Улс, АНУ-ын хоорондын он удаан жилийн нөхөрлөл, онцгой харилцааг дахин нотолж байна” гэжээ.
2013 оны есдүгээр сард Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан “АНУ, Монгол Улсын хооронд Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар Ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр”-т Монгол-Америкийн иж бүрэн түншлэлийг гүнзгийрүүлэх, бизнесийн орчинг тунгалаг болгон харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зааж, хэлэлцээр 2017 оны гуравдугаар сарын 20-ноос хүчин төгөлдөр үйлчилж эхлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны есдүгээр сард АНУ-д хийсэн  айлчлалын үр дүнгээр гаргасан Хамтарсан Мэдэгдэлд: Монгол Улс, АНУ нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойшх 30 гаруй жилийн хугацаанд гаргасан тууштай хүчин чармайлтын үр дүнд хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглаж,  Монгол Улс, АНУ хоёр нь шинэ Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийнхээ хүрээнд хоёр тал “Монгол Улс, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай Замын зураглал”-ыг баталж, Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Монгол Улсад хэрэгжүүлэх хоёрдахь компакт гэрээ нь хоёр талын харилцааны томоохон үйл явдал болохыг сайшаан тэмдэглэж, Улаанбаатар хотын усны хангамжийг хангах дэд бүтцийг сайжруулж, урт хугацааны тогтвортой хөгжлийг бодлогын шинэчлэл хийх замаар баталгаажуулахыг зорьж байна гэжээ.
Энэхүү 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурснаар гурван том төсөл хэрэгжүүлэхээр болсон юм. Үүнд: Нэгд, Улаанбаатар хотын ус хангамжийг газрын доорх ус ашиглан нэмэгдүүлэх; хоёрт, Төв цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усыг гүн боловсруулалт хийж, цэвэршүүлэн 2, 3, 4 дүгээр ДЦС-ын хөргөлтөд ашиглах; гуравт, Усны засаглалыг бэхжүүлэх эдгээр болно.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески хэлэхдээ: “Өнөөдөр бид ус ярьж, Улаанбаатар хотын цэвэр усны асуудлыг шийдэхээр хөндөж буй ч энэ гэрээ нь эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах зорилготой гэдгийг мартах учиргүй” хэмээн онцолсон юм. Төслийн үр дүнд хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр, гүний ус цэвэршүүлэх үйлдвэр тус тус баригдаж, Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 64 сая орчим шоо метр буюу өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон бөгөөд энэ нь нийслэлчүүдийн усны хангамжийг наанадаж 40 жил, цаашилбал 100 жилээр нэмэгдүүлэх ажээ.
Eрөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнситэй хэлэлцээ хийх үеэрээ Америкийн Өмнөд хэсгийн зарим муж далайн Флоренс хар шуурганд өртөж, хүний амь эрсдэн, эд материалын хохирол учирсан явдалд Монголын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлж,  100 ширхэг ноосон хөнжлөөр тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдсэн нь  шинэ содон зүйл байв.
2019 оны зун хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тунхаглан зарласан билээ.  Үүгээр Америкийн тал Монгол Улсыг 17 дахь стратегийн түншээрээ сонгосон нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өндөрт өргөлөө гэж олон улсын шинжээчид дүгнэсэн байна. Харин АНУ нь Монгол Улсын стратегийн тав дахь түнш (ОХУ, Хятад, Япон, Энэтхэг) орон болов. 2018 оноос хойш  гурав дахь удаагаа АНУ-ын Конгресст өргөн баригдаад буй “Гуравдагч хөршийн худалдааны хууль” батлагдвал хоёр талын худалдааны  харилцаанд шинэ хуудас нээгдэж, Монголд үйлдвэрлэсэн ноос, ноолууран оёмол, сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн Америкийн зах зээлд татваргүйгээр гаргах эрхзүйн орчин бүрдэх юм.
Монгол Улс жилд есөн мянган тонн ноолуур, 25 мянган тонн ноос бэлтгэдэг ба ноолуурынхаа дөнгөж 10 гаруйхан хувийг дотооддоо боловсруулж байгаа бол дээрх хууль батлагдвал 90 хувь боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломж нээгдэх учиртай. Чингэснээр Монголын 200 мянган малчин өрхийн орлого баталгаатай болж,  40 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдэл, ядуурал буурахад чухал нөлөө үзүүлэх ажээ. Хууль батлагдах нь уул уурхайгаас хэт хамааралтай байгаа Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал алхам болох юм. 2021 оны зургадугаар сарын 24-нд  АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийг тангараг өргөх өдрийн өмнө баярын цахилгаан илгээж, “Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн хувьд стратегийн түншлэлээ бэхжүүлэхдээ таатай байх болно” гэж онцолсон юм. 2011 оны аравдугаар сард АНУ-ын 47 дэх Дэд Ерөнхийлөгч Жозеф Байден Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь анх 1944 онд АНУ-ын 33 дахь дэд Ерөнхийлөгч Хенри Уоллесын Монгол Улсад хийсэн айлчиллаас хойш 67 жилийн дараа болсон явдал байв.
АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камaла Харрисын урилгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийх гэж буй анх удаагийн албан ёсны айлчлал нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ Сэргэлтийн бодлого, “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болох нь дамжиггүй. Сүүлийн үед хоёр тал агаарын шууд нислэг, экспортын төмөр зам, эрчим хүч, зэс хайлуулах үйлдвэр, сансар судлал, усны  салбарт хамтын ажиллагааны нөөц боломж байгааг онцлон тэмдэглэж байгаа билээ.
2023 оны эхээр нэгдүгээр сарын хууч дээр Вашингтон хотноо ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй ЗТХЯ, ИНЕГ, МИАТ ТӨХК-ийн төлөөлөгчид  АНУ-ын Төрийн департаментын Тээвэрийн асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн даргын орлогч Ричард Ёнеока (Richard Yoneoka) тэргүүтэй төлөөлөгчидтэй өмнө нь Монгол Улс-АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангах талаар хийгдэж байсан яриа хэлэлцээрийн бэлтгэлийг эцэслэж, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэж, Харилцан Ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалаар энэ хэлэлцээрт эцэслэн гарын үсэг зурах хүлээлттэй байна.
Агаарын тээврийн тухай хэлэлцээр нь Монгол Улс, АНУ хооронд байгуулах агаарын тээврийн салбарын анхны хоёр талт хэлэлцээр болж байна. АНУ-ын “Нээлттэй тэнгэр” бодлогод нийцсэн нислэгийн багтаамж, давтамж, дурын чиглэлд нислэг үйлдэх, агаарын тээвэрлэгчид аяллын дугаар хамтран ашиглах боломжтой нэлээд прагматик хэлэлцээр ажээ.
 Уг хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын  худалдаа, хөрөнгө оруулалты нэмэгдүүлэх, агаарын тээвэр, аялал жуулчлалын компаниудад шинэ боломжуудыг буй болгож,  жуулчид, бизнес эрхлэгчид хоёр улсын хооронд богино хугацаанд хямд үнээр тав тухтай зорчих нөхцөл бүрдэхээр байна. Монгол Улс дурдсан хэлэлцээрийг байгуулснаар АНУ-ын нутаг дэвсгэрт шууд нислэг гүйцэтгэхээс гадна гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэлт хийж, нислэг гүйцэтгэх чөлөөтэй зохицуулалт бүрдэх ажээ. Ковид-19 цар тахлын хүнд үед 2020 оны 6 дугаар сард Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-д хандивлаж буй нэг сая ам.долларын үнэ бүхий 60 мянган ширхэг хамгаалалтын хувцас хэрэгслийг МИАТ компанийн тусгай үүргийн  “Боинг-767” онгоц АНУ-ын Сиэтл хотноо шууд нислэгээр хүргэж өгсөн байдаг. Ийнхүү МИАТ-ын онгоцоор үндэсний үйлдвэрлэгч “Мөнхийн тун” болон “ExMed” ХХК-д үйлдвэрлэсэн 18 тонн хувийн хамгаалалтын хэрэгслийг АНУ-д хүргэж, буцахдаа Сиэтл хотоос 250 гаруй иргэдээ авчирсан юм. Нислэгийг зохион байгуулахад багагүй хугацаа, хүчин чармайлт шаардсан бөгөөд цаашид Монголоос АНУ руу шууд нислэг үйлдэх эхлэл тавигдаж байгааг хоёр тал онцлон тэмдэглэж байсан нь өнөөдөр тийнхүү ажил хэрэг болж байна.
ХИС-ийн профессор Д.Уламбаяр

Санал болгох мэдээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн …