НОК-ын Шуурхай штабаас үерийн дараах нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас Улаанбаатар хотод усархаг аадар бороо орж эхэлсэн. Улмаар Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 38.3 га талбай буюу Жамсран уулын баруун талын аманд уруйн үер буусан юм. Үүний улмаас дөрвөн хүн /1 хүүхэд/ харамсалтайгаар амиа алдсан. Мөн 356 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллага, 105 автомашин үерт өртсөн мэдээлэл бий.
УБЗАА-ны харьяа байгууллагуудын 802 алба хаагч 135 тээврийн хэрэгсэл, техникээр 954 тонн лаг шавар зөөж, цэвэрлэжээ. Мөн далан хүчитгэхээр 64 рейс машинаар 1252 шоо метр дайргыг ачиж зөөсөн байна. Түүнчлэн үерийн эрсдэлтэй байршилд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар:Эхний ээлжид Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үерийн эрсдэлтэй байршилд байгаа 46 айлыг нүүлгэн шилжүүлэх таван га газрыг бэлтгэсэн. Тухайн байршилд 66 айл буух боломжтой.
Энэ газар бол Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороотой хамгийн ойр байршил.Иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр зам засах, цахилгаанд холбох ажил эхэлсэн. Мөн иргэд тухайн байршлаас өөр байршил руу нүүх хүсэлт гаргах боломжтой. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөнд тусгагдсан байршлуудад газар олгох юм.
Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл байгаа гэсэн судалгаа гарсан. Эдгээрээс 500 айл зөвшөөрөлгүй буусан байна. Тус айлуудыг нүүлгэн шилжүүлэх 1000 га орчим газрыг НИТХ-аас өнгөрсөн долоодугаар сард баталсан. Тухайн байршлууд руу нүүх мэдэгдлүүдийг дахин хүргүүлж эхэллээ. НОК-ын хурлаар шийдвэр гаргаж, нүүлгэн шилжүүлэлт хийгээд, чөлөөлсөн газрыг мэдээллийн санд бүртгэн, хамгаалалтын бүсэд оруулж, дахин газар олгохгүй.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас үерийн бүсэд буусан айлуудад жил бүр мэдэгдэл хүргүүлдэг. Тухайлбал, энэ жил 2000 гаруй айлд хүргүүлсэн ч олонх нь нүүгээгүй. Энэ нь иргэд үерийн эрсдэлийг төдийлөн ойшоохгүй байсантай холбоотой. Харин одоо үерийн аюултай бүсэд амьдрах нь ямар их эрсдэлтэйг бид бүхэн харлаа. Нүүлгэн шилжүүлэх ажлыг яаралтай эхлүүлж байгаа. Наймдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх айлуудад мэдэгдэл хүргүүлж эхэлсэн. Өнөөдрөөс бусад дүүрэг дэх эрсдэлтэй байршилд амьдарч байгаа айлуудад мэдэгдэл хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд хуулийн хүрээнд, албадан нүүлгэх арга хэмжээ авна гэлээ.