Үерийн улмаас орон гэргүй болсон айлын тоо 22 болж нэмэгджээ

Энэ сарын 6-ны өдрийн байдлаар үерт өртөж орон гэргүй болсон 16 айл бүртгүүлсэн. Тэгвэл энэ тоо өчигдөр  22 болж нэмэгджээ. НОК-ын зүгээс тусламж, дэмжлэгийг шаардлагатай хүнд нь хүргэхэд анхаарна гэдгээ мэдэгдлээ.

НОК-ын Шуурхай штаб үерийн нөхцөл байдал үүссэн цагаас хойш тасралтгүй ажиллаж байгаа. Тухайлбал, Нийслэлийн Замын хөгжлийн газар авто замыг хүчитгэх, замын зорчих хэсгийг хусаж, хайрга, дайрга тээвэрлэж, далан хөвөөний нөхөн сэргээлтийн ажил хийж байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Баянзүрх дүүргийн 5, 21, 27 дугаар хорооны 6926 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь хязгаарласан. Тэгвэл өдгөө 6790 буюу 98 хувь нь цахилгаанд холбогдож, 136 хэрэглэгч хүчдэлгүй байна. Үлдсэн хэрэглэгчдийн цахилгааныг удахгүй залгах юм.

Тээврийн цагдаагийн албанаас үерийн хор уршгийг арилгах сэргээн босголт үргэлжилж байгаа орчинд замын хөдөлгөөн зохицуулалт, эргүүл хяналтыг тасралтгүй явуулж байна.

 Нийслэлийн Эрүүл мэндийн газар үер болсон газар оршин сууж байгаа иргэд, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд оролцож байгаа ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн үзлэг хийж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Мөн эрүүл ахуй, халдвар хяналтын мэргэжлийн байгууллага автомашинаар ариутгал халдваргүйжүүлэлт хийж буй. Түүнчлэн Зэвсэгт хүчний анги байгууллагын 200 гаруй алба хаагч 13 автомашинаар үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд оролцож байна. Онцгой байдлын байгууллагаас 230 гаруй алба хаагч, 60 орчим машин, механизм, техник хэрэгсэлтэйгээр үерийн улмаас үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэж буй. Монголын Улаан загалмай нийгэмлэг үерт өртсөн 20 хүнийг түр байраар хангаж, 246 өрхөд хүнсний тусламж үзүүлжээ.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлнэ

Нийслэл хот болон Дэлхийн банкны Усны хөтөлбөрийн баг хамтран “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир …