АНУ-руу шууд нислэг үйлдэх “Хубилай хаан” Боинг-787-9 агаарын хөлөг өнөөдөр /2023.08.10/ “Чингис хаан” ОУНБ-д 10:05 цагт газардлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан агаарын тээврийн либералчлал бодлого амжилттай хэрэгжиж байна.
Монгол Улс дэлхийд гарцтай байхад чухал үүрэгтэй Нээлттэй тэнгэр /Open sky/ бодлого үр дүнгээ өгч байна. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд агаарын тээврийн салбарт ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилт тавин ажиллаж 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг үйлдэх боломжийг нээлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” албан ёсоор батлагдсан. Ингэснээр хорь гаруй жилийн өмнөөс яригдсан ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн Монгол Америкийн хооронд шууд нислэг хийх эрх зүйн боломж бүрэн нээгдсэн билээ.
Хэлэлцээрийн үр дүнд өнөөдөр шууд нислэг үйлдэх Боинг -787-9 агаарын хөлгөө хүлээн авч гуравдагч хөрш болох АНУ-тай стратегийн түншлэлээ улам бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэхэд энэхүү агаарын хөлөг гүүр болно гэдэгт итгэл төгс байна” хэмээн хэллээ.
“МИАТ” ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг байгуулсан юм. Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авна.
Уг агаарын хөлөг нь тасралтгүй 14 мянган км нисэх хүчин чадалтай, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг бөгөөд МИАТ компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 премиум, 226 энгийн/ захиалсан.
МИАТ компани эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэх юм.
Тус онгоц нь зорчигчийн тав тухын хувьд:
В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод тав тухтай, таатай мэдрэмж төрүүлдэг.
Салоны дуу чимээ бага тул зорчигчид урт замд ая тухтай амрах боломжтой.
Салоны даралт 6000ft байгаа нь зорчигч болон нисгэх бүрэлдэхүүнд ядрахгүй. Бусад агаарын хөлгийн доторх агаарын даралт 6500-8000ft байдаг.
Салоны агаарыг хөдөлгүүрийн агаараас авалгүй цахилгаан хөдөлгүүртэй компрессороор хангадаг тул доторх агаарын чанар сайжирсан.