“SM” мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг Бүгд найрамдах Солонгос Улсын эрүүл мэндийн технологи хөгжүүлэгч, тэргүүлэгч компани болох “NTL Health Care” компанийн “CerviCare AI” Хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн оношилгооны системийг энэ сарын 9-ны өдрөөс эхлэн эмчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн.
“CerviCare AI” оношилгооны систем нь 5 секундэд умайн хүзүүний хорт хавдрыг 98 хувийн магадлалтайгаар оношилж үйлчлүүлэгчдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэх давуу талтай.
“CerviCare AI” хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны системийг орон нутгийн эмч нарт таниулах зорилгоор наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд БНСУ-ын “NTL Health Care” компанийн мэргэжилтнүүдийн хамт Дархан-Уул аймгийн “Эрүүл мэндийн төв”, Сэлэнгэ аймгийн “Мандал” сумын нэгдсэн эмнэлэг, “Төв аймгийн “Заамар” сумын нэгдсэн эмнэлгүүдэд “CerviCare AI” системийг танилцуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа. Дашрамд дурдахад “SM” эмнэлгийн эмч нар “МӨР-ӨӨД” сайн үйлсийн аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн “Мандал” сумын 220 гаруй иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.
“МӨР-ӨӨД” сайн үйлсийн аяны эмч нарын баг одоогийн байдлаар Дорноговь аймгийн Сайншанд хот, Замын-Үүд сум, Говьсүмбэр аймгийн Чойр хот, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Сэлэнгэ аймгийн “Мандал” сум, Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын 1600 гаруй иргэдэд үзлэг, оношилгоо хийгээд байна.