МҮБХ:Допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл огт аваагүй

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ жилийн Үндэсний Их Баяр наадамд барилдсан бөхчүүдийн  допингийн шинжилгээтэй холбоотой асуудлаар   мэдэгдэл гаргалаа.

МЭДЭГДЭЛ
Олон нийтийн цахим сүлжээгээр нэр бүхий сэтгүүлч, сайтууд Үндэсний Их Баяр наадамд барилдаж, допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн шинжилгээний хариуны талаар зарим мэдээллүүдийг гаргасаар байна.
Эдгээр мэдээллүүд нь олон нийтэд болоод бөхчүүдэд ч ойлгомжгүй байдал үүсгэж байгаа юм.
“Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль”-д “… допингийн шинжилгээ авах арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулна” гэж заасан ба энэ дагуу баяр наадамд 4 давсан бөхчүүдээс допингийн шинжилгээг Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага авсан.
Засгийн газрын тогтоолоор батлагдсан Допингийн эсрэг дүрэмд “Зөвхөн Үндэсний их баяр наадмын хувьд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийдвэр гаргана.” гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага нь авсан шинжилгээнийхээ хариуг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний бөхийн салбар хороонд шууд хүргүүлэх зохицуулалттай ба харин МҮБХ-нд ч тэр, цаашлаад нэр бүхий сэтгүүлч, сайтуудад ч урьдчилан мэдээлэх ёсгүй юм.
МҮБХ допингийн шинжилгээний хариуны талаар ямар нэгэн мэдээлэл огт аваагүй, авах талаар хүсэлт гаргаагүй, зөвхөн хууль, дүрмийн хүрээнд энэхүү процесс явагдах ёстой гэсэн албан ёсны байр суурьтай байгаа.
Иймд нэр дурдсан хороод, байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хууль тогтоомж, дүрэм журмыг баримтлан ажиллаж, олон нийтэд эргэлзээ, хардлага төрүүлэхүйц аливаа мэдээллийг сэтгүүлчдэд тараахгүй байхыг хүсье!
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …