Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1642 барилга болон үерийн эрсдэлтэй байршлын судалгаа, үерийн бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгатай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Үерийн онцгой хамгаалалтын бүсэд буй “S outlet”, “Aqua garden”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг Газрын тухай хуулийн дагуу буулгаж, чөлөөлсөн газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байна.
Энэ талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж. Бямбадулам:Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт энгийн болон онцгой хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтоодог.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эм энд жи констракшн” ХХК-ийн эзэмшиж байгаа газарт барьж байгаа “Aqua garden”-ы барилгуудаас хоёр блок нь Сэлбэ голын энгийн хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт орсон.
Энэ нь холбогдох хууль, журмыг зөрчиж байгаа. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “S outlet”, “Aqua garden”-ы барилгыг албадан буулгахтай холбоотой гарах зардал, захиалга өгсөн иргэдийг хохиролгүй болгох асуудал яригдана гэлээ.
Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Aqua garden” төсөл нь 2.9 га газрын 1.1 га барилгажих талбайтай. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын хэмжээнд өөрчлөлт орсныг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх, хүчингүй болгох арга хэмжээ авна” гэсэн бол Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “2.9 га газраас 7844 ам метр газрыг хасаж, кадастрын зураг болон газрын гэрчилгээнд өөрчлөлт оруулж, мэдээллийн санд оруулах ажлыг хийнэ. Энэ дагуу газар чөлөөлөх арга хэмжээг авна” гэлээ.