Говь-Алтай аймагт нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Есөнбулаг суманд “Сэрвэн” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын нээлтэд оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Сэрвэн” 10 МВт-ын нарны цахилгаан станцыг Азийн хөгжлийн банкны 10,4 сая ам.долларын санхүүжилтээр “М Си Эс интернейшнл” ХХК барьж гүйцэтгэн өнөөдөр  ашиглалтад орууллаа.

Манай Улсын газар нутгийн 10 орчим хувь салхины эрчим хүч ашиглахад нэн тохиромжтой. Нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг хамарсан тал хээр, говь цөлийн бүсэд нарны гийгүүлэх хугацаа их, цэвэр эрчим хүчний асар их нөөцтэй тул бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг хангахад ашиглах бүрэн боломжтой.

“Сэрвэн” нарны цахилгаан станц нь үүнийг нотолж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод цаашид энэхүү давуу талаа ашиглан Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах, эдийн засгаа тэлэх бүрэн боломжтойг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг эрчим хүчний томоохон төслийг хэрэгжүүлж буй. Эдгээр төслийг бүрэн хэрэгжүүлснээр эрчим хүч хөгжлийн тэргүүлэх нэг чиглэл болох цаг удахгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

“Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэний цахилгаан хангамжийг сайжруулж, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэнэ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …