Хүйтэн цаг агаараас болж арьс гэмтэх олон хүчин зүйл бий. Намар, өвлийн улиралд ч гэрэлтсэн тунгалаг арьстай байхыг хүсэж байвал арьсаа хамгаалах хэрэгтэй.
ХҮЙТНИЙ УЛИРЛЫН АРЬСНЫ ГЭМТЭЛ
Та хөлөөсөө толгой хүртэл хэчнээн давхар хувцас өмссөн ч байсан температур буурахад арьсны чийгшил дагаад багасдаг. Хүйтэн цаг агаарын арьсанд үзүүлэх хамгийн тод нөлөө бол хуурайшилт. Зуны халуун өдрүүдэд арьс илүү их тослог ялгаруулдаг бол хүйтэн үед эсрэгээрээ хуурайшдаг.
Температур бага байх тусам гадаах чийгшил багасч, дотор халаалт эсвэл галласны улмаас доторх орчин хуурайшдаг. Энэ температурын хэлбэлзэл, салхи болон бусад гадаад орчны нөлөөнөөс болж арьс цочирч, үрэвсэнэ. Түүнчлэн бид өвлийн улиралд ус бага уудаг. Энэ бүхнээс болж арьсны чийгшил багасаж, арьс хуурайшин, холцруутаж, загатнадаг.
Мөн хүйтэн нь арьсны бичил эргэлтэд сөрөг нөлөөтэй. Хүйтэнд арьсны хялгасан судас нарийсч, арьсаар дамжих цусны урсгал буурдаг. Энэ нь биеийн дулааныг хадгалахад тусалдаг бөгөөд дараа нь хялгасан судас өөрөө буцаад хэвийн байдалдаа орно. Гэсэн ч арьсны бичил эргэлтийн эдгээр өөрчлөлт нь нүүрний улайлт, телеангиэктази буюу арьсны хялгасан судаснууд хөхөвтөр улаан толбо үүсгэн жигд бус томрох, аалзны тор шиг венийн тэлэлт зэргийг үүсгэж болно.
Дээр дурдсан гадны хүчин зүйлсийн нөлөө, арьс хувцсанд үрэгдэх зэрэг нь эцэстээ арьсны гидролипид давхаргыг гэмтээх эрсдэлтэй. Уг давхаргыг хүчиллэг бүрхүүл гэж нэрлэдэг бөгөөд арьсны тэнцвэрийг хадгалах, гадны нөлөөнөөс хамгаалахад шаардлагатай тос, липидээс бүрдсэн байдаг. Хүчиллэг бүрхүүл нь гэмтсэн арьс өвлийн улирлын бүх гадны нөлөөнд өртөмтгий болж, ингэснээр арьс байнгын цочирч, чийгшлээ алдсанаас өөрөө нөхөн сэргэх чадваргүй болно.
1. Хүйтний улиралд арьс хуурайших
“Өвлийн улиралд арьс чийгшлээ алдах нь санаа зовох асуудал. Гадаах салхи, хүйтэн агаар, байшин доторх агаарыг халаах нь арьсыг маш их хуурайшуулдаг” гэж UC Health – ийн гоо заслын эмч, арьс арчилгааны мэргэжилтэн Дана Амундсен хэлсэн юм.
Өвөл арьс хуурайшихад нөлөөлдөг бусад зүйлсээс дурдвал:
-
- Гадаа температур, чийгшил багасан агаар хүйтэн, хуурай болсноос арьсны чийгшил ууршиж, хуурайшдаг.
-
- Задгай зуух, халаагуур, мод түлдэг зуух, төвийн халаагуур зэрэг төрөл бүрийн халаалт ашиглан гэрээ халаах нь доторх чийгшлийг мөн бууруулдаг.
-
- Халуун ус, шүршүүрт хэт удаан орох нь арьсны байгалийн тослогийг арилгаж чийгийг нь хурдан алдуулдаг. Их хэмжээний хлортой усан санд сэлэх ч мөн ижил нөлөөтэй.
-
- Олон төрлийн угаагч, хатуу саван, шампунь зэрэг нь арьсны байгалийн тосыг арилгах зориулалттай учир мөн хуурайшуулдаг.
2. Хангалттай хэмжээний ус уух
Хангалттай их ус уух нь арьсны эрүүл мэнд төдийгүй биеийн ерөнхий эрүүл мэндэд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлдэг. Ус уух нь арьсыг гэрэлтсэн, эрүүл байлгах байгалийн шалгарсан арга юм. Шаардлагатай хэмжээний ус ууснаар:
-
- Таныг сэргээж, арьсыг чийгшүүлэн, уян хатан байлгахад тусална.
-
- Арьсны pH-г тэнцвэржүүлж, эрүүлжүүлнэ.
-
- Арьсанд асуудал үүсгэж болзошгүй батга гэх мэт хорт бодисыг биеэс гадагшлуулахад тусалдаг.
-
- Унжсан арьсыг чангалахад тусална.
Насанд хүрсэн хүмүүсийн хувьд өдөрт найман аяга ус уух нь хангалттай хэмжээний шингэнийг өгдөг. Кофейн болон согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлахыг хичээгээрэй. Учир нь эдгээрийн шээс хөөх үйлчилгээнээс болж арьс хуурайшиж, хагарах нөлөөтэй.
3. Арьсаа зохистой гуужуул
Арьс арчилгааны хувьд гуужуулагч нь зайлшгүй хэрэгцээтэй бөгөөд хэрэв арьсаа гуужуулдаггүй бол тос, серум хэрэглэсэн эсэхээс үл хамааран арьс хуурайшдаг.
“Зуны нарны гэмтэл, давстай болон хлортой усны нөлөөг гуужуул. Арьсыг залуужуулахаас гадна чийгшүүлэхийн тулд тосон суурьтай гуужуулагч хэрэглээрэй. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд долоо хоногт хоёроос илүү гуужуулж болохгүй” гэж Кейша зөвлөсөн юм.
Хөнгөн гуужуулахын тулд сүүн хүчил эсвэл зөөлөн гликол агуулсан зөөлөн скраб сонгоорой. Хэрэв арьс тань хэт хуурай бол гуужуулагчийг нойтон алчуур гэх мэт зөөлөн зүйлээр солих хэрэгтэй. Түүнчлэн, арьсыг улам хуурайшуулдаг тул үрчлээний эсрэг давхар үйлчилгээтэй гуужуулагчийн хэрэглээгээ хязгаарлаарай. Чийгшүүлэгч болон серум нь арьсны давхаргад илүү амархан нэвчдэг тул гуужуулсны дараа илүү үр дүнтэй байдаг.
4. Антиоксидант серум хэрэглэ
Серум нь жилийн аль ч улиралд хэрэглэгддэг арьс арчилгааны цөөн хэдэн бүтээгдэхүүний нэг юм. Алкохоль агуулаагүй антиоксидант серумыг бүтэн жилийн турш хэрэглэж болно. Цаг агаарын байдлаас үл хамааран чөлөөт радикалын исэлдүүлэх хүчин зүйл нь арьс руу довтолж, цагаас нь өмнө хялгасан үрчлээс, коллагены задрал, нарны нөсөөг үүсгэдэг.
Та өглөө арьс арчилгааны хүнд бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө витамин С-тэй бүтээгдэхүүн түрхсэнээр чөлөөт радикалын исэлдэлтийн нөлөөгөөр арьсанд учрах хохирлыг багасгах боломжтой. Мөн хүйтэн, бүрхэг өдөр байсан ч арьсаа SPF 30 нарнаас хамгаалах тос түрхэхээ бүү мартаарай.
5. Хүйтэн, сэрүүний улиралд арьс арчилгааны дадлаа тогтмол сайжруулаарай
Өвлийн улиралд тохирох арьс арчилгааны арга барилаа боловсруул. Чийгшүүлэгч, нүүрний серум-с гадна авокадотай арчилгааны бүтээгдэхүүн зэрэг зөөлөн тосыг зовхи болон нүднийхээ доод талд түрхээрэй.
Өвлийн хүйтэн үдэш халуун шүршүүрт удаан зогсох нь сайхан мэдрэмж төрүүлдэг хэдий ч арьс арчилгааны хувьд байнга байх ёстой зүйл биш юм. Халуун ус арьсыг хэт хуурайшуулдаг тул бүлээн шүршүүрт цөөн хэдэн минутад биеэ зайлаад гараарай.
“Хүчтэй найрлагатай, арьс цочроох биеийн савангаа тосон цэвэрлэгчээр солих хэрэгтэй. Арьсныхаа чийгийг шөнийн турш хадгалахын тулд серамид, ланолин, тос агуулсан бүтээгдэхүүн хэрэглээрэй. Шүршүүрээс гарсныхаа дараа шууд өтгөн бүтэцтэй чийгшүүлэгч түрх” хэмээн Кейша зөвлөж байна.
Эцэст нь уруул, гар, ялангуяа хатуурсан хэсгүүдэд чийгшүүлэгч тос түрхээрэй. Хэрэв арьс тань хэт хуурайшсан бол долоо хоногт нэг удаа унтахынхаа өмнө чийгшүүлэгч маск хэрэглэж, шавар, нүүрс агуулсан бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй. Өвлийн турш чийглэг, гэрэлтсэн арьстай байхыг хүсвэл эдгээр зөвлөмжийг дагаарай.
Өвөл хуурай, хагарсан арьс нь таагүй мэдрэмж төрүүлэхээс гадна заримдаа арьсны эмгэгт ч хүргэх тохиолдол бий. Энэ нийтлэл дэх зөвлөмжүүдийн аль нэгийг дагах нь таны арьсыг чийглэг байлгахад тустай ч бүгдийг нь эрүүл амьдралын хэв маягийнхаа нэг хэсэг, байнгын дадал зуршил болгож чадвал хүйтний улиралд арьсаа хуурайшихаас сэргийлэхэд илүү үр дүнтэй гэдгийг битгий мартаарай.