Г.Ёндон: Ажилчдын цалинг шат дараатайгаар нэмэх саналыг тавьсан ч ҮЭХ хүлээн зөвшөөрөөгүй

Өнөөдөр 07:00 цагаас эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарласантай холбогдуулан үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Ажил олгогчийн хувьд Үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо нягт хамтран ажиллаж, хэлэлцээрийг үргэлжлүүлж, хамтран баталсан дэгээ нарийвчлан сахиж, мөрдөж байсан. Хамтран баталсан дэгийн дотор тодорхой заалт, ойлголт байсан бөгөөд энэ хэлэлцээрт боломжтой бүх арга хэмжээг аваад үнэхээр мухардалд орсон тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ авахаар ярилцсанаас гадна хэлэлцээрийн явцад талуудаас гаргасан саналыг гадагшаа гаргахгүй, хэвлэлд хандахгүй гэсэн дэгээ үйлдвэрийн зүгээс нарийвчлан сахиж ажилласан учир өнөөдөр ажил хаялт зарласан тухай мэдэгдэл гартал ямар нэгэн байдлаар цахим хуудаст нийтлээгүй.

Өчигдөр орой гаргасан уриалгад ямар нэгэн дарамт шахалт, ажилтнуудыг хориглосон зүйл байхгүй бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн зүгээс хийж байгаа ажил хаялтыг үйлдвэрийн зүгээс хүндэтгэлтэй хандаж байна. Ажил хаях нь хүний эрхийн асуудал. Гэхдээ бидний зүгээс хууль бус гэж үзэж байгаа. Энэ ажил хаялтад оролцсон ажилтнуудын хувьд шүүхээр хууль бус гэдэг нь тогтоогдсон тохиолдолд тодорхой хэмжээний сөрөг нөхцөл байдал үүсэх магадлалтай учраас ажил олгогчийн зүгээс ажилтнууддаа анхааруулах үүднээс уг уриалгыг гаргасан.

Ж.Мөнгөншагай нь үйлдвэрийн удирдлага ажил хаялтыг зогсонги байдалд оруулсан гэж хэлж байна. Энэ нь үндэслэлгүй гэдгийг зүйл гэдгийг хэлмээр байна. Дэгийн дагуу үйлдвэрийн зүгээс зургаан удаа хуралдаж, маш олон асуудалд хамтарсан зөвшилцөлд хүрч байсан бөгөөд зөвхөн үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэдэг асуудлыг үйлдвэрийн зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүйгээр зөвхөн үүгээр явна гэсэн үндэслэлээр өөрсдөө хурлын дэгээ зөрчиж, хурал орхиж гарсан. Үүний дараа Эрдэнэт үйлдвэрийн зүгээс аргагүй байдалд өөрсдийнх нь гаргасан хууль зөрчсөн үйлдлүүдийг цохон тэмдэглэж, шүүхэд хандсан.

Ж.Мөнгөншагай нь 2023 оны хоёрдугаар сард Үйлдвэрчний эвлэлийн холбооны сонгуульд өрсөлдөх үедээ үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн саналыг оруулж байсан. Тухайн үед сонгуульд өрсөлдөж байсан бүх хүний мөрийн хөтөлбөртэй үйлдвэрийн удирдлага танилцаж, зарим зүйлийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг тухайн үед анхааруулж, мэдэгдэл гаргаж байсан. Мөн Үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдсоных нь дараа Ерөнхий инженер, Ерөнхий захирлын зүгээс Тамгын газрын даргаас Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллаж, бүх  ажилтнуудынхаа төлөө хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байсан.

Үйлдвэрчний эвлэлийн зүгээс цалин нэмэгдүүлэх хүсэлт тавьсан учраас бидний зүгээс 2024 онд 15 хувиар, 2025 онд 15 хувиар, 2026 онд 15 хувиар цалинг шат дараатайгаар нэмэх саналыг албан ёсоор тавьсан. Энэ нь хэдийгээр 45 хувь нэмэгдэж байгаа ч өмнө нь нэмэгдсэн хувь бодоод үзвэл нийт гурван жилийн хугацаанд 56 хувиар нэмэгдэж буй тооцоог гаргаж, танилцуулсан. Гэвч хэлэлцээрт сууж буй  Үйлдвэрчний эвлэлийн гишүүд үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Ямар нэгэн тооцоо судалгаа хийж, хариу тайлбар өгөөгүй. 50 гэдгээс өөр тоо мэдэхгүй юм шиг  50 хувиар л нэмнэ, өөр арга байхгүй гэж хурлыг хаяж гарсан. Бидний тавьсан санал одоо ч хэвээрээ байгааг хэлэхэд таатай байна” гэлээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …