Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээнд нийслэл орон нутгийн хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 500 аж ахуй нэгж 3000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
Тэдний нэг Хөвсгөл аймаг байгалийн жимс, жимсэн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай цай, ханд, бэлдмэл зэрэг байгалийн онцлогоо илтгэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж буй. Мөн нутгийн ахуйн онцлогоо дагаад цаа бугын эврэн болон арьсан эдлэл, хөх сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүнүүдээ авчирчээ. Тэд органик бүтээгдэхүүнээ нийслэлчүүддээ танилцуулж байгаагаа ярилаа.
Тухайлбал Хөвсгөл аймгийн “Шинэ амттан” компанийн хүнсний технологич Ц.Оюунсайхан: “Жимсний үйлдвэрлэлээр дагнаад 20 гаруй жил болж байна. Байгалийн зэрлэг жимс аньс, нэрс, үхрийн нүд, гишүүгэний чанамал, чацаргана, гишүүгэний цэвэр жүүс үйлдвэрлэдэг. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн мөн болохыг нотолж “Органик бүтээгдэхүүн” гэрчилгээг мэргэжлийн байгууллага олгосон. Хэрэглэгчдийн эрүүл мэндэд тустай байх үүднээс бид бүтээгдэхүүнийхээ сахрын агууламжийг тогтоосон стандарт хэмжээнээс багасаж үйлдвэрлэж эхэлсэн.
Намар манай ажилтнууд өөрсдөө жимсээ түүнэ, мөн гар дээрээс худалдаж авдаг. Тогтмол шинжилгээнд хамруулж, цэвэр байгалийнхаар нь хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьж байна. Жилдээ 150 сая төгрөгийн бүтээгдэхүүн эргэлтэд оруулдаг. Одоо өөрсдөө жимс ургамлаа тарьж ургуулдаг, нөхөн сэргээдэг болох чиглэлд анхаарч, технологиудыг судалж байна” гэлээ.
Хөвсгөл аймгийн ХХААГ-ын дарга Я.Эрхэмбаяр: Манай аймгаас 30 гаруй аж ахуйн нэгж, хувиараа аж ахуй эрхлэгчид “Намрын ногоон өдрүүд 2023” өдөрлөгт оролцож байна. Манай аймаг тариалан эрхлэгч 70 гаруй аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногоо тариалагч 500–аад иргэнтэй. Үр тарианыхаа хэрэгцээг 100 хувь, төмсөө 70 хувь, хүнсний ногоогоо 40 хувь хангаж байна.
Мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид органик түүхий эд, бүтээгдэхүүн гаргахыг зорьж, бүхий л шатанд анхаарч ажиллаж байна. 2023 оныг Хөвсгөл аймаг “Органик Хөвсгөл” жил болгон зарлаж энэ хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлж байна гэв.