УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.23/ хуралдаж, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй танилцаж, хэлэлцэхийг дэмжжээ.
Хуулийн төсөлд тусгасан татварын өөрчлөлтүүдийг эргэж судалж, нухацтай авч үзэх ёстой гэдэгт санал нэгдсэн байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
– НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжээд байна. Энэ асуудал дээр МАН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Татвар болон Эрүүгийн хуультай холбоотой асуудлаар иргэдээс санал авч өөрчлөлтүүд хийх нь буруу жишиг гэж үзэж байна.
Энэ асуудалд бүлэг нэгдсэн байр суурь гаргах шаардлагагүй. Бүлэг, Засгийн газар ярилцаад 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. иргэдээс санал авах нь нээлттэй. Иргэд дэмжсэн бол зохион байгуулагчид хуулийн төслөө боловсруулж УИХ-д оруулж ирэх ёстой. Хуулийн төсөл нь УИХ-аар дэмжигдвэл дараа оны төсвийн жилээс хэрэгжээд явах учиртай. Үүнийг заавал бүлгээр хэлэлцээд шийдэл гаргах шаардлагагүй гэж бодож байна.
Нэмж хэлэхэд, цаашдаа D парламентаар явж байгаа иргэдийн саналын журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Ямар ч хуулийн төсөл дээр иргэдээс санал авч болно. Гэхдээ татвар болон Эрүүгийн хуультай холбоотой асуудлаар иргэдээс санал авч өөрчлөлтүүд хийх нь буруу жишиг гэж үзэж байгаа. Тэр байтугай УИХ-ын гишүүдийг Эрүүгийн болон татварын хууль санаачлахгүй шүү гэж шаарддаг. Тиймээс эдгээр нь иргэд олон нийтийн санал дээр үндэслэх асуудал биш юм.