Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохиогдсон ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтай уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны худалдааны тэнцлийг бодитой хангах, Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох, хил дамнасан чөлөөт худалдааны бүсүүд байгуулах, ОХУ-аас Монгол Улсад бензин шатахуун тасралтгүй тогтмол нийлүүлэх, боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах саналыг тавьсан юм.
Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустин Монгол Улс, ОХУ нь олон жилийн найрсаг харилцааны түүхтэй, стратегийн түнш улсууд болохыг тэмдэглэн, цаашид худалдаа, санхүү, дэд бүтэц, эрчим хүч, боловсролын салбарт хамтын ажиллагааг тодорхой төслүүдээр эрчимжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.