Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны “Аудитын сэдэв батлах тухай” 2022 оны 09 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны А/04 дүгээр тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-ний дагуу “Хөгжлийн банкны үйл ажиллагааны үр нөлөө, үр ашиг”-т гүйцэтгэлийн аудит хийж эхэллээ.
Хөгжлийн банкны 2020-2022 он, 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлт, түүний үр дүн, өмнөх жилүүдэд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг аудитад хамруулна. Харин хууль, хяналтын байгууллагад шалгагдаж буй асуудлыг аудитад хамруулахгүй юм.
Тус аудитын тайланг 2023 оны 12 дугаар сард УИХ-ын Төсвийн байнгын хороо болон холбогдох байгууллагад тус тус хүргүүлэхээр төлөвлөсөн байна.