Ховд аймгийн сумдад эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээг эрчимжүүлэх чиглэлээр явуулын эмч нарын хамтарсан баг ажиллаж байна
Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд өнөөдрийн байдлаар нийт хүн амын 40 орчим хувь нь хамрагдаад байна.
Энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт энэ сарын 29-31-ний өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант, Мөст, Булган, Зэрэг, Мянгад сумдад ажиллаж, орон нутагт хийгдэж буй эрт илрүүлгийн үйл ажиллагаатай танилцан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарын баг эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээг газар дээр нь хийж ажиллаж байна.
Явуулын багт Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ болон хувийн эмнэлгийн нарийн мэргэжлийн 39 эмч, сувилагч, техникч нар багтсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус аймгийн 14 сумын 3500 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулаад байна.
Иргэдийн зүгээс эрүүл мэндийн үзлэгт тэр бүр хамрагдаж чаддаггүй малчид, тариаланчдыг богино хугацаанд үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулж, зөвлөгөө өгч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулсан нь сайшаалтай байгааг онцолсон юм.
Тус төрөлжсөн мэргэшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг Говь-Алтай аймгийн 17 суманд үргэлжлүүлэн 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллана.