Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах 30 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өнөөдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ирэх онд Улаанбаатар хотод гурван шугам бүхий метроны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Метро барих асуудлаар арваннэгдүгээр сарын 15-наас БНХАУ-ын төрийн өмчит компаниудтай хэлэлцээрийн ширээний ард суух гэж байна.
Хэлэлцээр тодорхой үр дүнд хүрсэн тохиолдолд Засгийн газар, УИХ-д танилцуулж, шийдвэр гаргуулна.
Нийслэлийн гурван шугамд метро барихаар төлөвлөж байна. Их тойрууг тойруулаад Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Долоон буудлаас Яармагийн товчоо хүртэлх маршрутыг эхний байдлаар гаргасан. Хэрэв хэлэлцээр амжилттай болбол бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Эхний ээлжид хэлэлцээр явагдана дараа нь төсөвт өртөг зэрэг зүйлсийг гаднаас зөвлөх үйлчилгээ авч хийх төлөвлөгөөтэй байна.”гэж мэдэгдлээ.