Төлөөлөлгүй төлөөлөл

НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгон тэмдэглэж ирээд 30 гаруй жил болжээ. Монгол Улсын Үндсэн хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамруулна гэж заасан байдаг.

Монгол Улсад 2022 оны байдлаар 115,115  буюу нийт хүн амын 3.4 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 62.000 буюу 57% нь эрэгтэй, 46,000 буюу 43% нь эмэгтэй байна. Дэлхийд энэ тоо 15%-ийг эзэлж байна.

Тэгвэл дэлхийн олон оронд хөгжлийн бэрхшээлийг орчны саад бэрхшээлтэй холбон тайлбарласан байдаг бөгөөд НҮБ-ын конвенциар нийгмийн амьдралд бүрэн дүүрэн чөлөөтэй оролцоход саад тотгор учруулахуйц бие эрхтний согог болон нийгмийн хандлагын болон орчны хязгаарлалтыг хэлнэ гэжээ. Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хуульчилж өгсөн байдаг. Тухайлбал,

-Бүх шатны сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй сонгогчид хүртээмжтэй байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүх шатны сонгуульд нэр дэвших, сонгогдох, төрийн аливаа албанд томилогдон ажиллахад нь улс төрийн нам, эвсэл, төрийн байгууллагууд дэмжих үүрэгтэй.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар улс төрийн нам, эвслүүд бодлого, мөрийн хөтөлбөртөө тусгана гэсэн байдаг. Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бодлогоор төлөөлөл болгон оруулж ирсэн нь алга байна.

Сүүлийн үед хүйсийн болоод нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангах талаар ярих болсон бөгөөд жагсаалтад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг 50:50 хувиар бичнэ гэж хуулинд зааж, эрх баригч намаас хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөөлийг жагсаалтын эхний хэсэг багтаана гэдгээ мэдэгдчихээд байгаа юм.

Ямартай ч нэг үеэ бодвол дэвшилтэт үзэл санаанууд цухалзах болсон нь сайшаалтай.

АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг ханган хамгаалах зорилготой далайцтай хуулиудыг хэрэгжүүлэхдээ хүмүүсийн хандлага өөрчлөгдөхийг хүлээхгүйгээр тулгарч буй саад тотгорыг арилгахыг зөв хэмээн үздэг. Манайд ч гэсэн хүмүүсийн тогтсон хандлагыг өөрчлөөд дараа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст таатай хууль зүйн орчин бүрдүүлж, оролцоог хангана гэхээсээ үйлдэл болгоод хийгээд эхлэх нь зөв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэмд бодит хувь нэмэр оруулж чаддаг гэдгийг хүчтэй хууль тогтоомжуудаар дамжуулан үүдийг нь нээж өгснөөр хүмүүсийн үзэл бодлыг өөрчилдөг нь нэгэнт батлагдсан зүйл.

2022 онд Орхон аймагт “Жендэрт суурилсан хүний эрхийг хүндэтгэе” 4 сарын аян зарлан олон арга хэмжээг хэрэгжүүлсэн байдаг. Үүний нэг нь “Xөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоо” сэдэвт аян байв. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх, тэдний ажиллаж амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөгөө батлан хэрэгжүүлж  ажилласан уг арга хэмжээнд Орхон аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 гаруй төлөөлөл зэрэг 450 гаруй хүн хамрагдаж байжээ. Орхон аймаг энэ чиглэлд нэлээд дорвитой ажлууд хийж, аймгуудаасаа хошуучилж ирсэн билээ.

Ер нь хандлага өөрчлөлт өөрчлөгдөхийн хэрээр нийгэмд олон шинэчлэл гарч ирж байдаг. Одоо бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд байх ёстой гэдэг дээр төрийн болоод дунд түвшиндээ нэгэнт ойлгоод байна. Тэр хүмүүсийн төлөөлөл байхгүй учраас тэдэнд зориулсан бодлого шийдвэр дандаа дутуу явж ирсэн гэхэд болно. Тэдэн шиг тусгай хэрэгцээний ойлголт байхгүй хүмүүс зөвхөн халамжаар тэр хүмүүсийн асуудлыг шийдчихнэ гэж боддог байсан бол өөрөө яг тэр асуудлыг өдөр тутмын амьдрал, яс махаараа мэдэрч байгаа хүмүүс тэс өөр хүсэл, хэрэгцээтэй байдаг.

Ер нь манай нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өвлийн хүйтэнд гадагшаа гаралгүй гэртээ дулаахан байх хэрэгтэй, үүнийгээ тэдэнд тусалж байна гэж боддог бол тэр хүмүүст гадаа хүйтэн ч тэргэнцэр дээрээ суугаад өөрөө налуу замаараа яваад, нийгмийн харилцаанд оролцдог байх нь чухал байдаг. Энгийн хүмүүс диско бааранд тэргэнцэртэй хүн юу хийж явааг ойлгодоггүй гэж гайхахын оронд тэр хүн ч бас тэнд байх эрхтэй, боломжтой гэж хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй юм. Гэхдээ дээр хэлсэнчлэн хандлага өөрчлөгдөхийг хүлээх биш харин хууль тогтоомжоор өөрчлөлтийг эхлүүлэх ёстой. Үүний тулд шийдвэр гаргах түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл орж, тэдний улс төрийн оролцоо нэмэгдэх нь чухал билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аж байдал нь тухайн улс орны, нийгмийн толь, тусгал байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг жижиг гэлтгүй орхигдуулахгүй шийдэж чадсан улсыг хүндээ ээлтэй улс хэмээн тодотгох нь ч бий.

Б.Дорж 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …