Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит гуравдугаар хурал боллоо.
Хурлаар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт болон салбар байгууллагуудын хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонсож, санал солилцов. Уулзалтын эхэнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 4 чиглэлийн 67 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 16 байгууллагад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэх санхүүжилтийг шийдвэрлэсэн…” гэдгийг хэлсэн юм. Тухайлбал, бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, үе тэнгийн дээрэлхэлт, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэгтэй холбоотой нөлөөллийн болон бусад арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо.
Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10,1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Гэхдээ тодорхой хугацаанд аян зарлаад өнгөрөх биш хууль эрх зүйн дэмжлэг, мэдээлэл олгох чиглэлийн ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгааг тус зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба хэлсэн юм.
Улмаар зөвлөлийн салбар байгууллагын төлөөллүүд хэрэгжүүлж буй ажил, төлөвлөгөө танилцуулж, саналаа хэлсэн юм. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Ө.Ган-Өлзий байгууллага бүр эцэг эхийн зөвлөлтэй байхын чухлыг онцлоод албан газрууд энэхүү зөвлөлийг ажиллах бүхий л ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэсэн юм.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Боловсролын байгууллагаас хүүхдүүдийг сургахаас гадна хүүхэд хамгааллын ажлыг чухлаар авч үзэн хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтэс байгуулж ажиллаж байгааг танилцуулав. Түүнлэн Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний ахлагч Б.Мөнхжин хүүхдийн нийгмийн амьдралд оролцох, хөгжих, хамгаалуулах эрхийг эцэг эх, асран хамгаалагч нь зөрчдөг хандлагыг өөрчлөх ёстой гэсэн юм.
Гэмт хэрэг зөрчилтэй холбоотой шалтгааныг судлахад ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй тохиолдол өндөр байна. Тиймээс архинд донтсон иргэдийг эмчлэх, нийгэмшүүлэх, энэ чиглэлээр ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар цагдаагийн байгууллага онцолсон юм. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд эрсдэлтэй хэсгүүдэд тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх, камержуулалтыг сайжруулах талаар саналаа хэлэв. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням “…Энэ төрлийн гэмт хэрэг мансууруулах бодисын хор уршиг, үр дагаварыг талаар ойлголт мэдлэггүйн улмаас, бусдыг даган дуурайх сониуч зандаа хөтлөгдөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж чадахгүй байгаа нь нөлөөлж байна. Иймд хүүхдийг урлаг, спорт болон бусад хөгжлийн хөтөлбөрөөр хичээллэх, цаг заваа зарцуулах боломж нөхцөлийг хүртээмжтэй бий болгох ёстой…” гэлээ.
Хурлын төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга, салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулж ажиллахыг үүрэг болгов.