Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгос Улс хариуцсан захирал Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл” амжилттай хэрэгжиж дуусах гэж байна. Төслийн хүрээнд гэр хорооллын иргэдийг утаа бага гаргадаг зуух болон халаалтын хэрэгслээр хангах, Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацааны арга хэмжээг боловсруулсан. Үүний дүнд хүлэмжийн хийн ялгарлыг 21,700 тонноор бууруулах зорилтод бүрэн хүрээд байна” хэмээлээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд дэд төвүүдэд түшиглэсэн төслүүд хэрэгжүүлэх гэж буйгаа танилцуулав. Ингэснээр Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол мэдэгдэхүйц хэмжээнд буурна гэдгийг онцолж, энэ чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэйгээ уламжилсан юм.
Мөн Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төслийн хүрээнд төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Эмээлт эко аж үйлдвэрийн парк бий болгохоор зорин ажиллаж буйг хэлж, уг төсөл болон Улаанбаатар хотын үер усны барилга, байгууламжийг сайжруулах төсөлд хамтран ажиллах талаар санал солилцов.
Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгос Улс хариуцсан захирал ноён Таехюн Ли “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажил хийсэн ч орон сууцжуулах ажлыг цогцоор ийнхүү төлөвлөж байгаа нь сайшаалтай. Цаашид аж үйлдвэрийн парк байгуулах, Улаанбаатар хотод тулгамдаад буй үер усны байгууламжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллах боломжтой” гэсэн юм.