2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн үед нэр бүхий сайтад “Архины албадан эмчилгээнд явсан хүү нь ор сураггүй болжээ” гэх ташаа мэдээлэл нийтлэгджээ.
Энэ талаар тодруулахад тус дүүргийн 8 дугаар хорооны Хамтарсан багаас хорооны нутаг дэвсгэрт бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, байнга архидан согтуурдаг зарим иргэдийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын үзлэгт хамруулахад эмнэлгийн комиссын дүгнэлтээр иргэн Л нь согтуурах, мансуурах донтой гэж дүгнэгдсэн тул тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн дагуу албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгсөн.
Иргэн Л нь Зөрчлийн тухай хуулийн 5,2 /танхайрах/, 5,4 /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/ дүгээр зүйл зэрэг зөрчилд холбогдож 2022 онд 7 удаа, 2023 онд 3 удаа торгуулийн шийтгэл болон шүүхээс 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр архины албадан эмчилгээнд анх удаа хамрагдаж байжээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас хоёр жил хүртэл хугацаатай хийнэ гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мансуурах, согтуурах донтой өвчтөнг албадан эмчлэх албадан хөдөлмөр хийлгэх газар /Мааньт/-т энэ өдрийн байдлаар иргэн Л нь шүүхийн шийдвэрээр эмчлэгдэж байгаа ба ар гэртэйгээ холбоотой бөгөөд ор сураггүй алга болсон гэх мэдээлэл нь үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.