Автобус нийлүүлэх тендерт таван компани үнийн санал ирүүлжээ

Өнөөдөр /2023.11.24/ нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа.

Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны дарга Ү.Ганболд: Нийслэлийн Нийтийн тээврийн газрын автобус худалдан авах гэрээг цуцалсантай холбогдуулан улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталж, худалдан авах ажиллагааны эрхийг НЗДТГ-т шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу НЗДТГ-ын даргын шийдвэрээр Үнэлгээний хороог байгуулсан.

Үнэлгээний хороо 2023 оны аравдугаар сарын 24-нд тендерийг зарлаж, өнөөдөр тендерийн баримт бичгийг нээж байна. Өнгөрсөн хугацаанд тендерт оролцох хүсэлтэй этгээдүүдээс ирсэн 20 тодруулгад хариу өгсөн. Тендерийн материал илгээсэн этгээдүүдийн сонгон шалгаруулалтыг өөр үнэлгээний хороо хийнэ. Дараагийн үнэлгээний хороог нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас байгуулна гэлээ.

“Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерт нийт таван компаниас санал ирүүлжээ. Тодруулбал,

“Майнс ап” ХХК – 178,817,556,720 төгрөг

Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd – 147,686,834,611 төгрөг

Yutong Bus Co.,Ltd – 165,589,920,000 төгрөг

Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd – 156,932,775,600 төгрөг

China North Vehicle Corporation LTD – 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.

Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd, Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээжээ. Харин Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd-н хувьд 300,000 ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол China North Vehicle Corporation LTD-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байна. Хуулийн дагуу тендерийн баталгаа ирүүлээгүй компанийг Үнэлгээний хорооноос шалгаруулах боломжгүй байдаг. Тендерийн баримт бичиг боловсруулж, тендер зохион байгуулан, нээх чиг үүрэгтэй эхний Үнэлгээний хорооны ажил өнөөдрөөр дуусаж, баримт бичгүүдэд үнэлгээ хийх үүрэгтэй дараагийн Үнэлгээний хороог Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас байгуулах юм.

-Тендерийг хэд  хоногийн хугацаанд шалгаруулж дуусах вэ?

Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Батмөнх:Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор үнэлгээ хийх ёстой. Бид аль болох богино хугацаанд шалгаруулна. Тендерийн бичиг баримтад 600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авахаар тусгасан.

 

Санал болгох мэдээ

Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн …