Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд ахална

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийлээ.

Уулзалтад газар тариалан, хөдөө аж ахуй, мах, сүүн болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав, баглаа боодол зэрэг мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцлаа.

Ерөнхий сайд хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбарын нэг болохыг онцлоод манай улс хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж буйг тэмдэглэв.

Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд  Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай хуулийн  төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн барьж, Хөдөө аж ахуйн тухай хууль, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг холбогдох хуулийн хүрээнд судалгаа хийгээд байна.

Үйлдвэрлэгчдийг санхүүгийн эх үүсвэр, татварын бодлогоор мөн дэмжин ажиллаж байна. Засгийн газраас 1851 иргэн, аж ахуйн нэгж, хоршоонд нийт 667,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, эх үүсвэрийн ашиглалт 68 хувьтай байна. Сүүний урамшууллыг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлснээр шингэн сүүний нийлүүлэлт нэмэгдсэн байна. 2023-2024 онд бүх төрлийн малын махны экспорт, импортод тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн, энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар 70.0 мянган тонн мах экспортолж өмнөх оны мөн үеэс экспортын хэмжээ дөрөв дахин өссөн байна.

“Хүнсний хувьсгал” ТББ-ын зүгээс хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлыг танилцуулж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцлов.

Дэлхийн хүнсний байгууллагын гурван стандартыг бүрэн нэвтрүүлснээр экспортын шаардлагыг хангах, хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, татварын хөшүүрэг бүрдүүлэх санал гаргав. Мөн хүнсний хувьсгалын хүрээнд сүү, малын мах, гахай, тахианы мах, өндөгний зэрэг томоохон төсөл хэрэгжүүлэх, тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, шаардлагатай хууль эрх зүйн орчныг бий болгоход ойрын хугацаанд анхаарах хэрэгтэйг уламжлав.

Уулзалтад оролцогчид санал хүсэлт хэллээ. Тухайлбал,
Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц. Рэнчинсэнгээ: Ургамал хамгаалалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Монгол Улсад тариалангийн эдэлбэр газрын 80 хувийг улаан буудай эзэлдэг. Цаашид таримлын нэр төрлийг олшруулбал эдийн засгийн хувьд ч, байгаль орчинд ч ашигтай байна. Энэ мэт асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд Ургамал хамгааллын агентлаг байгуулах хэрэгтэй.

Сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар: Импортын барааны босго тогтоож өгмөөр байна. Ингэхгүй бол өндийж байгаа үндэсний үйлдвэрлэл буцаад унана. Болж бүтэхгүй хуулиуд байна. Жишээ нь Тендерийн хууль. Дотоодод үйлдвэрлэж байгаа бараа, бүтээгдэхүүнээ яагаад гаднаас аваад байгаа юм бэ?

Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн Л.Эрхэмбаяр: Засгийн газрын олгосон нэг их наядын зээл үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болсон. Цаашид эрх зүйн орчны дэмжлэг мөн хэрэгтэй байна. Түүхий мах экспортод гаргахад бид бэлэн байна. Шаардлагатай стандартыг яаралтай баталж өгнө үү. Зөв зүйл дээр, зөв бодлого дээр улс төрийн намууд улс төржилгүй хамтарч ажилламаар байна.

Тахианы мах үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын УЗ-ийн дарга Д.Ангар: Импортын татварын бодлого чухал байна. Монголын залуу компаниуд олон жилийн түүхтэй гаднын компаниудтай үнээрээ өрсөлдөж чадахгүй. Иймээс цаашид ч импортын татварын бодлого маш чухал байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мөнхзул: Хүнсний бүтээгдэхүүнд ногдуулж буй НӨАТ-ын хувь хэмжээ манайд боломжийн байгаа. Цаашид зарим бүтээгдэхүүнд тодорхой хугацаанд ялгавартай татвар тогтоож байвал ямар вэ. Дэлхийн зарим улс оронд эрүүл мэндийг дэмжих зорилгоор ялгавартай татварын бодлого явуулдаг гэж ярилаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн орлого бүрдүүлэхэд татвар чухал үүрэгтэй ч бодлогын зохицуулалтын үүргийг ч давхар гүйцэтгэдэг гэдгийг анхаарах ёстойг онцлов. Дотоодын бараа бүтээгдэхүүнээ бодлогоор дэмжих, тухайлбал, тендерийн шалгаруулалтын зарчимд үе шаттай өөрчлөлт оруулах шаардлага байгааг хэлж, судалж ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.

Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулах мэргэшсэн институц бий болгох шаардлага байгааг ч сануулж Засгийн газрын түвшинд Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд тодорхой хугацаанд ахалж ажиллахаа мэдэгдлээ.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …