Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат дөрвөн өдөр үргэлжилж, өчигдөр дууслаа.
Эхний шатны сонсголын гурав болон дөрөв дэхь өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцсэн.
Энэхүү асуудалтай холбогдуулан сонсголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн гэрчээр дуудсан боловч шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа тул оролцох боломжгүй талаар Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдэгдсэн байдаг.
Гэвч өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “УИХ-ын Хянан шалгах түр хорооноос шүүгдэгч Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудах албан бичиг ирүүлээгүй болно” гэх мэдээлэл гарсан.
Энэ асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2023.12.08 /дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “УИХ-ын хяналт шалгалтын Түр хорооноос 2023.11.29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах тухай албан бичгийг хүргүүлсэн.
2023.11.30-ний өдөр Ерөнхий прокуророос Б.Ганхуяг нь шүүхэд хэрэг нь шилжсэн бөгөөд прокурорын байгууллага шийдвэрлэх боломжгүй бичиг ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхэд хэрэг нь шилжсэн, шүүн таслах ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, төр, нам, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцохыг хориглосон бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан.
Үндсэн хуулийн энэ заалт бүгдэд, тэр дундаа УИХ-ын гишүүнд ч хамаатай. Шүүхийн шийдвэр, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс намайг оролцуулахад түлхэж Монгол Улсын Үндсэн хууль зөрчүүлэх үйлдэл хийлгэх санаархалд би автахгүй. Энэ нь гэмт хэрэгт тооцогддог. Үндсэн хуулийн зүйл, заалт, үг үсгийг би хэн нэгнээр заалгахгүйгээр мэднэ. Шүүхээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарт ч Үндсэн хуулийн дээрх заалтыг сануулж шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүйг бичгээр ирүүлсэн байна.”гэв.