“Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнгөрөгч /2023.12.07/ Монгол бөхийн өргөөнд болсон.
Барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.
Түүний үйлдлийг Монголын Үндэсний Бөхийн Холбооны ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл энэ сарын 9-ны өдөр хэлэлцээд, Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг гаргалаа.
МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн:
А. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан цолтой Бердимуратын Серик нь 2023 оны 12 сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан “Ургацын Баяр – 2023” барилдаанд барилдахдаа өрсөлдөгч бөх А.Тодмагнайд гаргасан үйлдэл, мөн энэ үйлдлээс өмнө болон дараа нь гаргасан удаа дараагийн зохисгүй зан авир, үйлдлүүдийг ТЭМДЭГЛЭН,
ТОГТООСОН НЬ:
1.Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан цолтой Бердимуратын Серикийг “МҮБХ-ны Ёс зүйн дүрэм”-ийн:
-3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
-3.4.3 дахь хэсэг буюу Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх,
-3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;
заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
2.Зөрчил гаргагч Б.Серикийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1-т заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд даалгав.