Улаанбаатар хот дахь асрамж халамжийн төвийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг таниулах, хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг өнөөдөр /2023.12.14/ “Өнөр бүл” хүүхдийн төвд зохион байгуулж байна.
“Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг Эрүүл Мэндийн Яам, Монголын шүдний Ерөнхий эмч нарын Талст Холбоо, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Өнөр бүл” хүүхдийн төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар хот дахь асрамж халамжийн төвүүд, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Нүүр, ам судлалын сургууль хамтран зохион байгуулж байна.
“Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнд дөрвөн асрамж, халамжийн төвийн 18 багийн 108 хүүхэд оролцож байгаа бөгөөд тэмцээний нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, “Өнөр бүл” хүүхдийн төвийн захирал Л.Өлзийчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, Анагаах ухааны доктор Л.Хэнтий нар оролцож хүүхдүүдэд амжилт хүслээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас 2022 оны тавдугаар сарын 1-ны өдрөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах ажлыг эхлүүлсэн.
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 86,7 хувь нь шүд цоорох өвчтэй нь тогтоогдсон. Мөн 0-17 настай хүүхдүүдийн шүдний цооролтын өвчлөл 90 хувьтай байгаа нь энэ тал дээр анхаарал хандуулах цаг болсныг илтгэж байна.
Тиймээс Засгийн газраас энэ тал дээр арга хэмжээ авч ажиллах үүргийг Эрүүл мэндийн яаманд өгч, энэ оны наймдугаар сард Засгийн газрын 322-р тогтоол гарч “Эрүүл Шүд” хөтөлбөрийг улсын хэмжээнд эрчимжүүлэхээр болсон.
“Эрүүл шүд” хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүдэд бага наснаас нь шүд, амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллийг өгч, дадал хэвшлийг суулгах юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа нэг ажил нь “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгуудад “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан.
Энэхүү тэмцээнд нийт 650 гаруй хүүхэд хамрагдаж, 160 багш бэлтгэгдэж, зохион байгуулахад 250 хүн оролцсон”гэлээ.
Анагаах ухааны доктор Л.Хэнтий “Шүд бол эрүүл мэндийн толь. Шүд эрүүл бол хоолой, ходоод, бөөр, үе мөч өвдөхгүй байна” гэдгийг тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдэд зөвлөлөө.
“Өнөр бүл” хүүхдийн төвийн захирал Л.Өлзийчимэг “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах санаачилгыг гаргасан Эрүүл мэндийн яам, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Нүүр, ам судлалын сургууль, Монголын шүдний Ерөнхий эмч нарын Талст Холбоо, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв зэрэг байгууллагуудад төвийнхөө хамт олны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүүхдүүдийн хувьд сүүлийн 14 хоногт тэмцээндээ бэлтгэсэн. Уг тэмцээнээр дамжуулан шүдээ хэрхэн зөв угаах, ямар бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх, бусдад үлгэрлэх зэрэг маш олон дадлыг өөрийн болгож байна. Манай төв 2018 онд шүдний кабинеттай болсноор хүүхдүүдийнхээ шүдний эрүүл мэндийг сахин хамгаалахад тун их ач холбогдолтой болсон” гэв.