Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2023.12.18-наас 22-ны өдрүүдэд) 29,353 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 135 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 47, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 47, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 1, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 29, бусад 1 хэрэг байна.
Эрэн сурвалжлах ажиллагаа, зарим гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн талаар:
Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 15, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 39, сураггүй алга болсон хүн 59, шүүхээс даалгасан хүн 53, зөрчил үйлдсэн 17 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 71 иргэнд 21,300,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 163 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийг танилцуулбал:
Экологийн цагдаагийн албанаас иргэн “О” нь энэ оны 09 дүгээр сард Архангай аймгийн нутаг дэвсгэрт техник хэрэгсэл ашиглан, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, 13,7 сая төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорт хүргүүлсэн.
Шийдвэрлэсэн зарим зөрчлүүдээс танилцуулбал:
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “Б” нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэж, салаавч гарган танхайрсан үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Тээврийн цагдаагийн албанаас цахим орчинд энэ оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Ямар их цэнхэр дугаар харагдаж байна. Овоо их тараажээ гээд шалгахад хар өнгийн тээврийн хэрэгслийн өнгө нь мөнгөлөг байна” гэх мэдээлэл нийтлэгдсэнийг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгахад Засгийн газрын Автобааз ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын тээврийн хэрэгслийн улсын дугааруудыг цэнхэр дэвсгэртэй дугаараар солиулах үедээ “УБҮ” гэх тэмдэглэлийг “УНҮ” гэж алдаатай бичин хүргүүлэн, хэвлүүлж, уг тээврийн хэрэгсэлд алдаатай хэвлэсэн улсын дугаарыг зүүж замын хөдөлгөөнд оролцуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 56 дахь хэсгийн 2-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.
Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнаас дээрх зөрчлийн холбогдогчид 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох, уг тээврийн хэрэгслийн улсын дугаар алдаатай хэвлэгдсэнг мэдсээр байж жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох, жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэлийг тус тус оногдуулсан байна.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.