Ерөнхий аудитор Д.Занданбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ хэлэлцэж дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.12.28/ хуралдаан  гишүүдийн 63.2 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт  ирүүлснийг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-т “Хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол тухайн саналыг 72 цагийн дотор Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлнэ.

Холбогдох Байнгын хороо ийнхүү хүргүүлснээс хойш ажлын гурван өдрийн дараа тухайн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Хуульд заасны дагуу, эсхүл гишүүдийн саналаар нэр дэвшигчийн сонсгол явуулсан бол сонсголын тайлан гаргаснаас хойш ажлын таван өдрийн дотор Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлтдээ тухайн тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана” гэж заасны дагуу  санал гаргасан байна.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 46 дугаар тогтоолоор Доржсүрэн овогтой Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудиотороор томилсон бөгөөд Д.Занданбат нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудитороос чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн гэдгийг мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, санал болон энэ талаарх Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан  асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Иймд “Монгол Улсын Ерөнхий аудиторыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …