Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд тасралтгүй хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Соёлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох журмын дагуу уран бүтээлчдийн ур чадварын бодит түвшнийг тогтоож, уран бүтээлийн чанарт үнэлэлт, дүгнэлт өгч, ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварын шалгалт Гоцлол дуу ангийн уран бүтээлчдээр эхэллээ.
Мэргэжлийн ур чадварын шалгалтын шүүгчээр Монголын хөгжмийн урлагийн томоохон төлөөлөл болсон эрдэмтэн, судлаач, багш нар болон зочин шүүгчээр ОХУ-ын Красноярск хотын Дуурийн театрын Ерөнхий удирдаач УГЗ А.П.Чепурной, ОХУ-ын Буриад улсын ДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Баярто Цырандоржиевич Дамбаев нар ажиллаж байна.