Нэг хүнийг тахин шүтэх ёсыг бүрэн утгаар нь харуулж буй БНАСАУ-ын иргэдийн дунд залуу удирдагч Ким Жон Уны хөрөг бүхий энгэрийн тэмдэг их эрэлттэй байгаа гэнэ.
Учир нь Хойд Солонгост “Их удирдагч”-ийнхаа хөрөг бүхий энгэрийн тэмдэгийг иргэн болгон зүүдэг хуультай юм байна. Хамгийн анх энгэрийн тэмдгийг 1970 онд тус улсыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений хөрөгтэйгээр зөвхөн төрийн томчуудад зориулан гаргаж байсан бол 1992 оноос түүний хүү “Их удирдагч” Ким Чин Ирийн төрөл бүрийн хөрөгтэйгээр нийтэд тараагджээ. Хамгийн гол нь ямар тэмдгийг зүүснээр нь тухайн хүний хийдэг ажил, нийгэмд эзлэх байр суурийг шууд мэдэж болдог гэнэ. Тухайлбал, Ким Ир Сен, Ким Чин Ирийн хамтдаа байгаа хөрөг бүхий тэмдгийг зүүсэн хүн Хөдөлмөрчдийн намын удирдах ажилтан гэдгийг илэрхийлдэг байна.
Тэгвэл өдгөө улс эх орноо удирдаж буй /1 жил 6 сар/ Ким Жон Уний хөрөг бүхий энгэрийн тэмдгийг өнгөрсөн 2012 оны 11 сараас эхлэн зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудад тараагдаж эхэлсэн байснаа өнгөрсөн 5 сараас эхлэн энгийн иргэд зүүх болсон аж. Тиймээс хойд Солонгосын бүх иргэд зөвхөн одоогийн удирдагч Ким Жон Уний хөрөг бүхий энгэрийн тэмдэгийг зүүхийн тулд тэмдэгний эрэлд гарсан ажээ.
Ким Жон Уны хөрөг бүхий энгэрийн тэмдэг нь түүний хананд өлгөдөг цаасан хөргөөс дор хаяж 2-3 дахин их үнэтэй худалдаалагдаж байгаа гэнэ.