УОК: Гал түймэрт өртсөн орон сууцны айл, өрхүүдийг түрээсийн байранд амьдруулж, түрээсийг нь төлнө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн Авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбогдуулан УОК-ын I хуралдаан боллоо.
Хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян түймрийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.


Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн  урд хэсэгт байрлах Эду апартмент нэг орцтой 14 давхар орон сууцанд 63 айл өрхийн 180-200 орчим иргэн амьдардаг, 108 автомашины далд зогсоолтой, нэг давхартаа 2 үйлчилгээний талбайтай,  барилгын гадна хэсгийн 80 орчим хувь гал түймрийн тархалтад өртсөн. Уулзварын баруун талд байрлах Санни таун 830 дугаар байрны 1 давхарын үйлчилгээний төв болон айл өрхүүдийн цонх хагарсан.

Гал түймэрт өртсөн орон сууцнаас 20 өрхийн 80 оршин суугч /хүүхэд-26, том хүн-54/-ийг дүүргийн 13 дугаар хорооны “Купер плаза Интернэйшнл” зочид буудалд нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангах, сэтгэлзүйчийн өрөө гаргаж, сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлж байна.

Цагдаа, шүүх, прокурорын байгууллагын ажлын хэсгүүд хэргийн газарт үзлэг хийж байгаа бол нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, дүүрэг, орон нутгийн захиргааны байгууллагууд, тохижилт үйлчилгээний байгууллагын ажилтан, алба хаагчид гал түймэрт өртсөн автомашиныг шилжүүлэх ачих, зорчих хэсгийг чөлөөлөх, цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Гал түймэрт орон сууцны барилгын гадна ил зогсоол болон авто зам дээр байсан нийт 29 тээврийн хэрэгсэл их бага хэмжээгээр шатлагад өртсөн бол 10 иргэн түлэгдэж, гэмтсэн.

Харамсалтайгаар Онцгой байдлын байгууллагын 3 алба хаагч амь насаа алдлаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэх, түлэгдэж бэртсэн иргэдэд эмнэлгийн бүхий л төрлийн эмчилгээ, сувилгааг хийх, ар гэрт нь сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, галд өртөж шатсан автомашинуудын хохирлыг барагдуулах, айл, өрхүүдийг түрээсийн байранд амьдрахад шаардлагатай төсөв хөрөнгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг  маргааш болох  Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …