М.Ганбаатар: Гэр хорооллын иргэд мод үрслүүлж биржээр арилжаалах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатартай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” мод хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айлууд руу чиглэсэн шинэ төсөл хэрэгжүүлэхээр болжээ.   Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж байна. Энэ хүрээнд эрдэмтэн судлаачид нэг зүйлийг хэлж байгаа.  Бид дэлхийн хаанаас ч  үр, үрсэлгээ авчраад тарьж болж байна.   Гэвч ургалт маш бага байдаг.  Монголын хөрсөнд яг энэ байгаль, экологийн нөхцөлд нь үрслүүлсэн мод ургахдаа сайн байгаа нь батлагдсан.   Тэгэхээр үрсэлгээ, үрийг заавал нутагшуулах шаардлага гарч байгаа учраас монгол орныхоо модыг үрслүүлэх үрсэлгээний төвийг олноор байгуулах бодлого баримталж байна.  Манайд одоогоор 200-300 аж ахуй нэгж мод үрслүүлэх үйл ажиллагаа явуулдаг.  Тэд тусгай зөвшөөрөл авч үрсэлгээ хийдэг.  Тэгээд иргэд, аж ахуй нэгжид нийлүүлж байна.  Энэ тогтолцоо маш олон жил үргэлжилсэн учраас бид цаг үеэ дагаж, өөрчилж, задлах ёстой гэж үзсэн.

Одоо нийслэлийн гэр хороололд 200 гаруй  мянган айл өрх байна.  Тэдэнд бид боломж олгож байна.  Газартай учраас хүлэмж барьж болно.   Бордоо хийж болох цэвэр ус, дэд бүтэц нь байна. Хүн олноор суурьшсан учраас арга зүйн зөвлөгөө авах, хяналт тавих ийм боломжтой болсон.  Тэгэхээр мод үржүүлгийн энэ салбарт хэдхэн компаниуд монопол хэлбэрээр үйл ажиллагаа явуулах биш айл өрх бүр үр үрсэлгээ ургуулж, орлого олох боломжтой ийм төслийг эхлүүлж байна.  Энэхүү төсөл маань олон давуу талтай.  Нэг өрх 6-9 ам.метр хүлэмжинд 50 орчим мянган модыг хоёр жилийн хугацаанд үрслүүлэх боломжтой гэж үзсэн.  Энэ үрсэлгээгээ “Тэрбум” мод төслийн хүрээнд санал, санаачлага дэвшүүлсэн компаниудад нийлүүлнэ.  Тэр компаниуд одоо санаачилгаа биелүүлмээр байдаг гэтэл үр, үрсэлгээ үнэндээ дутмаг байна.  Монопол болсон компаниуд эрэлтээ дийлдэггүй.  Эрэлт нь нэмэгдээд ирэхээр үрсэлгээний үнэ нь бас нэмэгдэж байна.  Харин гэр хорооллын өрхүүд маань үрсэлгээ нийлүүлж эхэлснээр эрэлт багасаж, үрсэлгээний биржийн үнийг тогтоох боломжтой.  Эхний ээлжинд бид нэг үрсэлгээг нэг ам.доллар байхаар ярьж байна.  Бирж дээрх үнэ түүнээс дээш ч өсөх боломжтой. Тэгэхээр нэг гэр бүл 50 мянган мод үрслүүлснээр хоёр жилийн хугацаанд 50 мянган ам.доллартай болох боломжтой гэсэн үг.  Ямар нэгэн зээл, барьцаа байхгүйгээр орон сууцанд орж болж байна. Ийм давуу талтай төслийг гэр хорооллын иргэддээ санал болгож байна.

-Үржүүлэг, үрсэлгээний үйл ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрөл авдаг гэж та ярьсан.  Тэгвэл төсөлд хамрагдах айл өрхөөс зөвшөөрөл шаардах уу?

-Тусгай зөвшөөрөл шаардахгүй.  Зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа.   Иргэн бүр үрсэлгээ хийх боломжтой.  Тодорхой стандарт бол тавина.  Түүнийгээ сайн барих хэрэгтэй.  Төсөл маань ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхэлнэ.   Төслөө бичиж ирүүлсэн эхний 50 өрхөд хүлэмж, хөрс зөөлрүүлэгч машин,  гар аргаар үрсэлгээ суулгагчийг нь  өгнө. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл дээр энэхүү төслийг хүлээн авч, эхний шилдэг 50 төслийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна.  Хашаандаа хүлэмжтэй болж, мод үрслүүлэх сонирхолтой, цаашлаад ашиг орлоготой болж, бизнес болгон өргөжүүлэх хүсэлтэй иргэдээ урьж байна.  Манай Шинжлэх ухаан, технологийн зөвлөл маань төсөл нэг бүрийг хэлэлцэнэ.

-Мод үржүүлэг, үрсэлгээний компаниудтайгаа хэрхэн хамтран ажиллаж байна вэ. Монопол хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байсан учраас эсэргүүцэх хандлага гарах болов уу?

-Өрхийн амжиргааг дэмжсэн төслийг эсэргүүцэх асуудал гарахгүй.  Нөгөө талаар эрэлт өндөр байгаа.  Хэний ч зах зээлийг булаагаагүй учраас  харин ч дэмжиж ажиллах болов уу гэж харж байна.  Энгийн сайхан айл өрхүүд маань ажлынхаа хажуугаар үрсэлгээгээ арчлаад, хөдөлмөрлөөд, түүнийхээ үр шимийг хүртэж яагаад болохгүй гэж.  Бид цаашлаад орон сууцанд амьдарч байгаа айл өрх рүүгээ чиглэсэн төслийг бас хэрэгжүүлэхээр ярьж байгаа.  Засгийн газрын хэрэгцээнд дагуул хот байгуулах 33 мянган га газар Төв аймагт байдаг.  Тэнд одоохондоо барилга байшин бариагүй учраас газрыг нь иргэд үрсэлгээний журмаар ашиглаж болно гэж харсан.  Орон сууцны айл өрхөө бид тэнд үрсэлгээ тарих боломж нөхцлөөр хангах асуудлыг ярьж байна.  Айл өрхүүд маань хоёр, гурав дахь орлогын эх үүсвэртэй болсноор гадагшаа явах  урсгал багасна.  “Тэрбум мод” төслийн амлалтууд дуучихвал эрэлт байхгүй болно гэж бодож магадгүй.   Энэ бол үгүй юм.  Дэлхийн уур амьсгал, дулааралтай холбоотой маш олон сан бий.   Тэднээс санхүүгийн болон эрэлтийн асуудлаа шийдэж болно.

-Та үрсэлгээг биржээр худалдаалах юм байна.   Энэ хэр боломжтой вэ.  Хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Модны биржийг олон улсын хэмжээнд байгуулах ажлыг эхэлсэн.  Үүнийг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн сан дэмжиж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж байгаа.  Модны бирж маань ирэх хавар гэхэд ажиллаад эхэлнэ.   Бид бирж дээр нэг ам.доллар гэх хамгийн доод үнийг л тогтоож байгаа.  Гацуур, гоёлын модоо амжилттай үрслүүлээд тэднээс ч өндөр үнээр бирж дээр борлуулах боломжийг бид олгож байгаа.   “Би мэдэхгүй ш дээ” гэж хойш сууж болохгүй. Гадны болон дотоод мэргэжилтнүүдээс онол арга зүйн зөвлөгөө авч болно.  БНСУ-ын “Ногоон хэрэм” төслийнхөн,  Италийн мэргэжилтнүүд мөн энэ төсөл дээр сургалт явуулахад бэлэн гэж хэлсэн.  Ер нь үрсэлгээг ургуулна гэдэг хувь хүнээс их шалгаална.  Хүүхэд шиг л арчилна гэсэн үг.  Монгол орон маань өөрөө байгаль экологийн арвин баялаг түүхтэй орон учраас иргэд маань энэ төрлийн өгөгдөл сайтай. Үрийн  банк  Баянхошуунд бий. Тэр банкнаас иргэд өөрсдөө сонгоод үрээ авч, үрслүүлэх боломжтой.  Энэ жилийн төсөв дээр бид 200 орчим хүлэмжийг нэмж өгөхөөр тусгасан гэдгийг дуулгах хэрэгтэй.

-Зөвшөөрөл биш тодорхой стандартаар зохицуулагдаад явна гэж ойлгосон.  Стандарт нь ямар байх вэ?

-Заавал мэргэжлийн хүн байна гэсэн зүйл байхгүй.  Жор хараад хоол хийдэгтэй л адилхан.  Хажуугаар нь үрсэлгээгээ чанартай ургуулахын тулд мэргэжлийн хүнээс заавар зөвлөгөө авч болно.  Цаашлаад мэргэжлийн болох асуудал юм.   Дэлхийн дулааралтай холбоотой маш их зүйлийг дэлхий нийт хийж байна.   Ногоон хөгжилд хувь нэмрээ оруулж, тэдэнтэй хөл нийлүүлнэ. Хажуугаар нь орлогоо олчихно.   Монголчууд маань байгаль эхтэйгээ харьцаж сурсан хүмүүс.   Байгаль эхийнхээ үр шимийг хүртэж мянга мянган жил амьдарч ирсэн учраас өнөөдөр ч үүнийгээ үргэлжлүүлэх боломж байна.

-Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” мод хөтөлбөр маань хэр амжилттай хэрэгжиж байна вэ?

-Энэ хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж байна.  40 сая орчим мод тарьсан гэсэн мэдээлэл бий.   Энэ нь цөлжилт, газрын доройтлыг арилгахад тодорхой хувь нэмрээ оруулж байна.  Цаашлаад  “Тэрбум мод” хөтөлбөр хүний амьдрал, ашиг олох боломж болон хөгжиж байгаа нь энэ төслийн үр дүнгээс харагдана . Айл өрх бүр мод үрслүүлэгч болсноор  Монгол Улс ногоон үйлдвэрлэгч болох ийм том ирээдүй харагдаж байна.  Эхний ээлжинд   нийслэлийн гэр хорооллын 220  мянга орчим айл үрсэлгээчин болж, монгол орны цөлжилт газрын доройтол явагдаж байгаа  тэр газруудад мод тарьлаа гэхэд үүн шиг том цөлжилтийн эсрэг арга хэмжээ гэж байхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төмөрбаатарын БАТСАЙХАН

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 18 (7262)

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …