“D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Н.Номун-Эрдэнэ санаачилсан.
Тэгвэл “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” саналыг 100 мянган иргэн дэмжсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж, мэдээлэл өгөв.
Тэрбээр “2024 оны 01 сарын 22-ны өдөр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах“ нийтийн өргөдлийг иргэн Нямжавын Номун-Эрдэнэ D-Petition цахим системд санаачилсан. Тус санал асуулгыг 14 хоногийн хугацаанд 100,117 иргэн цахимаар гарын үсэг зуран дэмжсэн байна.
УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар нийтийн өргөдлийг 100,000 иргэн дэмжсэн тохиолдолд хуулийн төслийг санаачилж, хэлэлцүүлэх дэгтэй. Тус хуулийн заалтын дагуу УИХ-ын Тамгын газартайгаа цахимаар хуралдан хуулийн төслийн талаар Засгийн газраас санал авахаар шийдвэрлэлээ.
2013 онд батлагдсан “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшүүлэх тухай” тус хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэв.