Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 63 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.3 хувьтай байв.
Тухайлбал, 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан тул хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон дэд ажлын хэсгүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн 2024 онд таван зорилтын хүрээнд 147 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Мөн нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн газарт бүртгэлтэй, ажил хайж байгаа В, C ангилалтай жолооч нарыг автобусны мэргэшсэн жолоочийн үнэ төлбөргүй сургалтад хамруулж буй.
Уг сургалтад нийт 1825 иргэн бүртгүүлснээс D ангилалтай 161 иргэнийг мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулан ажиллаж байна.