Ц.Үүрцайх:Эмэгтэйчүүдийн эрх охидын эрхээс эхэлнэ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Баянзүрх дүүргийн  Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Монголын сайн дурынхны төв, “Goodneighbors” Олон Улсын байгууллагуудтай хамтран “Because i am a girl” охидын эрхийн чуулганыг зохион байгууллаа.

Баянзүрх дүүрэг 2024 оныг  “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан  Охидын эрхийн анхдугаар чуулганыг Because i am a girl буюу “Би охин болохоор” гэсэн агуулгын хүрээнд олон улсын хүүхэд хамгаалал, охидын эрхийн хөдөлгөөнд нэгдэж охид өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар дуу хоолойгоо нэгтгэхэд анхаарч байна.

Чуулганы эхний хэсэгт хүний эрх, хүүхэд хамгааллын оролцогч талууд болон шийдвэр гаргачдын төлөөлөл болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Ц.Үүрцайх, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх оролцож төрийн бодлого шийдвэрт охидын асуудлаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:Сүүлийн үед хүүхдийн 108 руу ирж байгаа дуудлагын дийлэнхийг охид эзэлдэг. Асрамжийн газарт, түр хамгаалах байранд ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь охид байна. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж охидын эрхийг хамгаалах, эрхээ мэддэг байх, эрх нь зөрчигдвөл хэнд хандах зэрэг мэдээ мэдээлэлтэй байхад туслах зорилгоор охидын эрх хамгаалах өдрийг дүүргүүдээр, нийслэл Улаанбаатар хотын хүрээнд арга хэмжээнүүд зохион байгуулж байна.

Үе тэнгийн дээрэлхэлд, цахим дээрэлхэлд охид түлхүү өртөж байна. Ийм тохиолдолд өөрөө өөрийгөө яаж хамгаалах, сэтгэл зүй болон бусад төрлийн нөхөн сэргээх үйлчилгээг хэрхэн авах вэ гэдэг мэдлэг мэдээлэлтэй байх ёстой. Би л ганцаараа үе тэнгийн дээрэлхэлд өртөөд байна гэж бодоод тусламж авахгүй үлдэх нь бий. Ийм тохиолдолд битгий айгаарай, битгий санаа зовоорой, нээлттэй байхыг уриалж байна.

Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Ц.Үүрцайх:Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаад Баянзүрх дүүргийн 500 охин хамтдаа өөрсдийнхөө эрхийг хамгаалах зорилгоор “Охидын эрхийн чуулган”-ыг зохион байгуулж байна. Эмэгтэйчүүдийн баярыг ёслолын байдалтай, цэцэгт мэндчилгээтэй өнгөрүүлдэг. Гэвч жинхэнэ утгаараа бол эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дуу хоолойгоо өргөж, бодлого боловсруулагчдад хүргэж байгаа нь илүү утга учиртай арга хэмжээ болгож байна.

Охид өөрийгөө хэрхэн хайрлах вэ ?, Хандлагын хүч, сэтгэл зүйн эрүүл мэнд, охидын хөгжил хамгааллыг дэмжихтэй холбоотой олон асуудлаар мэдээлэл авлаа. Хүүхдийн тусламжийн утас 108-д ирж байгаа дуудлагын 65 хувь нь охидтой холбоотой асуудал байна. Мөн манай хэлтэст сэтгэл зүйн зөвлөгөө авсан хүүхдүүдийн 80 хувь нь охид байна. Үүнээс харахад охидын эрхтэй холбоотой хэлэлцэх, ярилцах маш олон тулгамдсан асуудал байгаа нь харагдаж байна.

Хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх. Эмэгтэйчүүдийн эрх охидын эрхээс эхэлнэ. Охидын эрхийг шийдвэрлэхгүйгээр хүний эрхийн асуудлыг ярих боломжгүй. Цаашлаад хүүхдийн эрх, тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар ч ярих боломжгүй болно. Энэ алхмууд охидын эрхийг хамгаалахаас эхлэлтэй. Төрийн байгууллагын хувьд хуульд заасан хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэхээс гадна охид өөрөө эрхээ мэддэг байх, эрхээ хамгаалах мэдлэг ойлголттой байх нь хамгийн чухал гэж үзэж байна.

Дүүргийн охидыг төлөөлөн Баянзүрх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Э.Номин-Эрдэнэ Because i am a girl, буюу охидын ялгаатай байдал, нийгмийн хэвшмэл ойлголтын талаарх илтгэл, “Good neighbors” Олон Улсын байгууллагын сэтгэл зүйч Ч.Нямхүү, Эрх зүйч, загвар өмсөгч Б.Гүнзаяа нар Охидын манлайлал, Хандлагын хүч, Миний хайртай би сэдвээр илтгэл танилцууллаа.
Чуулганы хоёрдугаар хэсэгт охидын өмнө тулгамдсан асуудал, шийдлүүдийг нээлтэй ярилцах, чуулганы төлөөлөгч охидод болон оролцогч талуудад охидын эрх, хамгаалал, оролцооны талаарх анхаарах асуудалд чиглүүлж Загвар өмсөгч Б.Цэрэндолгор, Эрх зүйч, мисс Б.Гүнзаяа, Өсвөрийн парламент хөтөлбөр-2023 дэд дарга Э.Энхрийлэн, Хөөрхөн зүрх ТББ-ын сэтгэл зүйч Х.Эгшиглэн, МСДТ-ийн захирал Б.Цэвэлмаа нар панелистаар оролцож өөрсдийн зохион байгуулан ажиллаж байгаа туршлага арга зүй, үзэл бодол хуваалцлаа.

 

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …